Зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.

-Та энэ жилийн наадмын тааврыг хэрхэн харж байна вэ?

-Энэ жил урьдын адил залуучууд нэлээн үлдэх байх. Хуучин цолтой бөхчүүдээс сайн барилдах бөх 3-4 л бий. Гэхдээ л хоёр жил дарааллаад түрүүлчих бөх гарахгүй байна. 


-Шалтгаан  нь?

-Үүнийг өрсөлдөөнтэй холбож тайлбарладаг. 21 аймагт гал байгуулагдчихсан. Ингэхээр үндэсний бөхийн 21 шигшээ баг гарч байна гэсэн үг. Ийм л зорилгоор анх “Увс нуур” галыг байгуулж байлаа.


-Та нутгийнхаа бөхчүүдийн галаар очив уу?

-6 дугаар сарын 30-нд нутгийн бөхчүүдийн галын баярт очиж барилдахыг нь хараад ирлээ. Бэлтгэл ерөнхийдөө сайн. Ганц нэг гэмтэл бэртэлтэй харагдсан. 

Хамгийн харамсалтай нь Улсын гарьд Ө.Бат-Орших барилдахгүй нь. 


-Уг нь шүүхийн шийдвэр гарчихсан биз дээ?

-Шүүхээс шийдвэр гарчихсан л даа. Хамгийн гол нь Олон улсын олимпын хорооны допингийн комиссын дүрэм шаардлагыг шууд үндэсний бөхөд тулгаж хэрэглэчихэж байгаа юм. Уг нь ингэж болохгүй, үүнийг Монгол улсын хууль гарч байж ярих асуудал. Хууль гаргаагүй хэрнээ дуртай үедээ дуудаж шинжилгээ аваад байгаа нь хүний эрхэнд халдсан асуудал юм. Энэ чинь олимпын төрөл биш шүү дээ, үндэсний спорт. Ухаандаа зүйрлэвэл дуурийн дуучдын олон улсын тэмцээний дүрмээр манай уртын дуучдыг шүүвэл юу болох вэ. Үүнтэй л адилхан зүйлийг хийгээд байгаа юм.


-Допингийн шинжилгээтэй холбоотой таны яриа хүмүүст арай өөр ойлголт төрүүлсэн юм шиг санагдсан?

-Би допингийн эсрэг байдаг хүн. Гэхдээ хүний эрх зөрчиж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Бөхчүүд чинь хүн шүү дээ. Хэдэн үеэрээ хөдөлмөрлөж барилдаж ирсэн улс ч  тэдний дунд бий. Энэ хүмүүсийг дуртай үедээ дуудаж шинжилгээ аваад гадаад дахь лабораторид явуулчих ёс байхгүй. Тусгай хууль дүрмэнд багтааж байж л шинжилгээ авна. Одоо байгаа хууль эрх зүйн үүднээс шөвгийн 16 бөхөөс шинжилгээ авах ёстой. Бусдаас нь авах ёсгүй, энэ бол хууль бус ажиллагаа. 

Гол нь үүний цаана бөхчүүдийн урмыг мохоох, бэлтгэл сургуулилтыг нь сулруулах гээд олон хор гэм бий. 


-МҮБХ-ноос хэдхэн хоногийн өмнө допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосон шүү дээ?

-Ер нь хоёрын даваа байтугай наадмаар барилдсан 512 бөхөөс бүгдээс нь допингийн шинжилгээ авсан ч болно. Гол нь хуульчилах юм. Бид хуулийнхаа дагуу л амьдардаг нийгэмд аж төрж байна.


-Бөхийн холбооны маргаанаас болж бөх ер нь спорт мөн эсэх тухай яриа нийгмийн сүлжээнд гарсан. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Яахав. Юм уншдаггүй, мэддэггүй улсын л яриа шүү дээ. Ийм улс л өөрийн болон бусдын таавраар ярина. Угттаа бид ингэж ойлгох учир байхгүй юм. Дэлхий дахинд даяаршил явагдаж улс болгон соёл уламжлалаа хамгаалах асуудал дээр толгойгоо гашилгаж байна. Эхнээсээ ч соёлууд устаад эхэлчихлээ. Хэрэв хэт даяаршаад эдийн засаг нь хүчтэй улсын соёл давамгайлаад эхэлбэл яах вэ. Тэр болгонд бууж өгөөд байвал 100 жилийн дараа Монгол гэдэг ямар үндэстэн байсан нь мартагдана. Даяарчлалаас сугарч, монгол түмний өөрийн гэсэн шинж чанараа хадгалж үлдэх үнэт зүйл нь үндэсний бөх юм. Монгол шиг эрийн гурван наадамтай улс дэлхийд байхгүй.


-Телевизээр гарсан хэлэлцүүлгийн дараа таныг нэлээн шүүмжилсэн. Та эмзэглэсэн үү?

-Би тэр бүхнийг уншиж сонсдог ч үгүй. Намайг хэн сайлж муулах нь надад падлий байхгүй. Намайг муулж доромжиллоо, мууллаа гээд хэнд ч юм наалдахгүй. Би бол түүхэнд нэрээ үлдээсэн хүн.


-Бөхийн холбооны асуудлыг цэгцлэх гэж та олон жил явж байна. Сайн муугаараа ч хэлүүллээ. Энэ бүхнийг орхих бодол танд төрдөг үү?

-Ийм бодол байхгүй. Би монгол бөхийнхөө төлөө үхэх хүртлээ ярина. Үүнийг хэнээр ч заалгахгүй, хэнээр ч хориулахгүй. Яагаад гэвэл бөх бол миний түүх, миний амьдрал. 


-МҮБХ-г таныг авч явбал Увсынхан бөхөөрөө эзэлнэ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа бий. Энэ тал дээрх таны бодол?
-Тийм зүйл байхгүй. Аль ч нутаг усных байлаа ч монгол хүн шүү дээ. Будлиангүй сайхан барилдаж байвал хараад баярладаг. Бөх үзэж байхдаа миний шавь нар барилдаж байвал даваасай гэж бодолгүй яахав. Энэ бол үнэн. Давж чадахгүй бол яахав, аль бяртай нь давдаг хойно. Хамгийн гол нь барилдааныхаа дүрмээр зөв тоглож байвал болох нь тэр.


-Монгол бөхийн үүслийн тухай танаас асуухгүй өнгөрч болохгүй байх аа?

-Монгол бөх бол монголчуудын олон зуун жилийн бүтээл. Яагаад гэвэл бөх нь Монголын ард түмний эрин зууны түүх, аж амьдралын хэв маяг, ёс заншил, хүсэл мөрөөдөл нь нэвт шингэчихсэн цогц соёл юм. Би үндэсний бөхийн 725 мэхийг судалж ном гаргалаа. Судлаад үзэхээр монголчуудын догшин эмнэг хангал сургадаг, жин тээдэг, хашаа хороогоо барьдаг, мал хуйгаа адгуулдаг, цас зудтай тэмцдэг бүх чанарууд хөдөлгөөний эвслүүд мэхэндээ шингэчихсэн байдаг. Ерөөсөө бөхийг монголчуудын амьдралаас салгаж ойлгох аргагүй юм. Он цагийн түүхийг багтаахдаа бид бичиж биш биеэрээ эзэмшиж шингээсэн. Анх овоо бумба тахьдаг бөөгийн мөргөлийн үед анх барилдаж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө бөх хөдөлмөр, ажил амьдралд шингээд явж ирсэн хэрэг.

Ер нь амьд амьтан болгон барилдаж ноцолддог юм шүү дээ. Тарвага зурам, аргаль угалз гээд бүх амьтад ноцолддог. Зарим нь амьдралын тэмцлийн хуулиар өрсөлддөг бол бага амьтад тоглож наадаж ноцолдоно. Баавгайн бамбарууш гэхэд тоглохоороо 4-5 мэх хийчихнэ. Өмсөх, үүрэх,тонгорох мэхийг гаргууд сайн хийдэг шүү.


-Монголчуудаас өөр үндэсний бөхтэй улс хэр олон бэ?

-Дэлхий дээр 260 төрлийн үндэсний бөх байна. НҮБ-д бүртгэгдсэн улсаас ч олон үндэсний бөх байгаа биз. Зарим улсад үндэсний 2 ч төрлийн бөх бий. 

Үндэсний бөх бол агуу том соёл. Зөвхөн хоёр хүн барилдаад нэг нь дийлж байгаа зүйл биш. Үүний цаана хөдөлгөөн, гараа дэвээ, зиндаа, цол хэргэм, тахим өгдөг нь бүгдээрээ ёс суртахуун юм. Монгол хүн бөхдөө энэ бүх ёс суртахууныг  бүгдийг шингээчихсэн. 


-Бид энэ соёлоо хэр хадгалж хамгаалж чадаж байна вэ?

-Бөхчүүдийн хэмжээнд хамгаалж чадаж байгаа. Гэхдээ улам сайжруулаад залуу үеийг хүмүүжүүлэх тал дээр анхаарах цаг нь болсон. Хуучин цагт мэдлэг мэргэжил л гэдэг байлаа. Гэтэл хэчнээн их юм мэддэг ч ёс суртахуунгүй хүнээр нийгэм дүүрчихвэл яах вэ. Эхлээд ёс суртахуунтай байж өөрийн хэв хэмжээ тогтдог. Эрдэм боловсролыг энд үгүйсэхгүй гэсэнгүй. Түүнээс чухал зүйл нь ёс суртахуун гэдгийг мартаж болохгүй.


-Тэгвэл монгол бөх хүн ямар ёс суртахуунтай байх ёстой вэ?

-Монгол бөх хүн гурван зүйлийг хатуу барьдаг байх ёстой. Нэгдүгээрт дээдсийн хажууд ч эгэл ардын хажууд нэг л нүүрээрээ байх ёстой. Энд нэг зүйл ярьчихаад цаашаа шал өөр юм ярьж хоёр нүүрлэхгүй гэсэн үг.

Хоёрдугаарт бөх хүн худал хэлдэггүй. Маш сайхан ноён нуруутай, голч байх ётой. Гуравдугаарт хов зөөдөггүй. Энэ гурван зан чанар бол бөх төдийгүй монгол эр хүний нандин бөгөөд гол яс чанар юм

-Үүний цаана жудаг гэж зүйл бий. Таны бодлоор жудаг гэж юуг хэлэх вэ?

-Зарим хүн жудаг гэхээр нэг их сайхан инээгээд гар бариад явахыг хэлж байна гэж ойлгодог бололтой. Ерөөсөө л дээр хэлсэн гурван чанар юм. Хүний итгээд хэлсэн үгийг өөр хүнд дуулгахгүй байх чинь жудаг л биз дээ. Ийм жудаггүйгээс л нийгмийн сүлжээнд элдэв хэл ам хэрүүл шуугиан тардаг. Хэрэв бид хойч үеэ л гэж бодож байвал хүнээ ёс суртахуунтай болгох хэрэгтэй. Тэгээгүй цагт мянган эрдэм сураад гадаадын ном л цээжилсэн хүн болно. Уламжлалт ёс суртахуун гээч зүйлээ бид бас мартах учиргүй. Хүмүүс хэлдэг дээ, манай аав, өвөө тэгж хэлдэг байсан гэдэг. Энэ чинь л бидний уламжлалт зүйл. Үүнийг иш үндэс болгож, удам судраараа дамжиж хадгалж явах учиртай. Газраас ургасан өвс хүртэл өвөл нь хатчихаад хатсан цагаан үндэс нь хавар өндийдөг дөө. Үүн шиг монгол хүний ёс суртахуун мартагдах ёсгүй. Би оюутнууддаа үүнийг л сургаж хэлдэг. 


-Одоогийн бөхчүүдийн ёс суртахууны тухайд юу хэлэх вэ?

-Зарим эвдэрч байна. Үүнийг монгол бөхийн холбооны дүрмээр хүмүүжүүлж засч залруулах ёстой. Хэн нэгэн дуртай нь дүрмээ гаргаж монгол бөхийг эвдэж болохгүй. Ингээд эхлэхээр л монгол бөхийн ноён нуруу алдагдана. 


-Бөх өөрчлөгдөж хөгжих ёстой юу...?

-Мэдээж өөрчлөлт шинэчлэлт байлгүй яахав. Нийгмийн хөгжилөө дагаад шинэчлэгдэхгүй бол хоцрогдоно. Гэхдээ монгол бөхөд халдаж болохгүй дархлаа байдаг. Түүнийг хадгалаад бусдыг нь шинэчилэх хэрэгтэй. Жишээ нь дээр үед учраа таарсан бөхөө унагачихвал толгой дээгүүр нь гараад явчихдаг байлаа.Үүний би халж хаясан бөхөө татаж босгодог дүрмийг бий болгосон. Орчин цагт ихэнх бөхчүүд энэ уламжлалыг дагадаг. Энэ бол адилхан бөх хүндээ үзүүлж буй хүнлэг сайхан ёс юм.Тахим өгдөг авдаг ёс гэхэд их сайхан үйл. Дамдиндорж гэж бөх гүйж ирээд намбатайн аргагүй газарт өвдөгөө хүргэхгүй суугаад тахимаа суган доогуур авдаг сан. Зарим бөхчүүдийг харж байхдаа тахимаа өгөхдөө уурлаж харагддаг. Заавал давж байх ёстой юм гэж хаана байхав. 


-Монголчууд бөхөө хайрлаж хүндэлдэг. Гэтэл зүлэг ногоон дэвжээнээ гараад тавьтаргүй аашлах бөхчүүд цөөнгүй харагдах юм?

-Үндэсний бөхөөр гэхэд 25 мянган хүн барилдаж байна. Тэгэхээр уулын мод урттай богинотой гэдэг шиг олон хүний дунд алдаа дутагдал гарна. Яг ч яахаа алдсан ч юм байхгүй. Ихэнх нь хуучны ёсоо сахидаг, намба төрхтэй, эрэмбэтэй зиндаагаа мэддэг. Гэхдээ улам сайжруулах зүйл бий. Бүр хичээл болгож заагаад нарийн дэг мөрдүүлмээр байна. Үүнийг мөрдүүлэх бөхийн холбоо нь ажлаа хийхгүй, сайхан барилдаан л боллоо гэдэг. Харвал маш олон алдаа дутагдал бий. Үүнийг засч залруулж байж урагшилна. Тиймээс барилдааны дүрмийг олон талаас нь харж маш сайн хийх хэрэгтэй. Барилдааны дүрэм ямар байна түүнийг л бөхчүүд биелүүлнэ. Ингэж байж л бөхийн дэвжээн дээр гарч буй маргаанууд дуусна. Өөр ямар ч арга байхгүй.


-Тахимаа өгөхгүй байгаа бөхийн үзэгчийн суудлаас харж суухад хэцүү санагдах юм уу?

-Хэцүүдэх юу байхав дээ. Бид нар насаараа барилдлаа, судаллаа, наадлаа, уналаа, давлаа, дийллээ. Өдийг хүрээд харахад үндэсний бөхийн барилдааныг харахад үг үсэггүй цээжилсэн шүлэг шиг л байдаг. Хөндлөнгөөс хараад энэ ёсыг ингээд сахиулчихмаар, тэр ажлыг ингээд хийчихмээр гэж харагддаг нь үнэн. 


-Тантай барилдсан бөхчүүдээс тахимаа өгөхгүй нэгэнтэй таарч байв уу?

-Надтай барилдсан бөхчүүд тийм зан бараг гаргаж үзээгүй дээ. Уначихаараа яасан чанга хаядаг юм бэ гэж хэлсэн нэг ганц нэгхэн хүн бий л байх. 


-Сонирхоод асуухад хоёр бөх тулаад барилдахдаа үг сольдог уу?

-Юм ярих ёс огт байхгүй. 


-Бөхчүүдийн барилдаан нутгаасаа шалтгаалаад өөр байх уу?

-Тийм зүйл байна. Жишээ нь баруун аймгийн бөхчүүд хав золгоонд их сайн. Зүүн аймгийнхан хөлөөрөө мэх хийхдээ гарамгай гэх мэтээр.


-Эртнээсээ монголчууд ямар хүмүүсээ бөх гэдэг байсан юм бэ?

-Монгол бөх бол монгол соёлын дархлаа юм. Монголын ард түмэн амьдралын туршлага ухаан, эв дүй, эрхэлдэг аж ахуй өөрийн хүсэл мөрөөдөл, шүтлэг, зан заншил гээд бүх зүйлээ бөхөд шингээсэн. Бөх гээд тусгайлан заагаагүй тэр үеийн тэргүүлэх хүмүүс нь энэ бүхнийг сурдаг байсан хэрэг. Яагаад гэвэл аян дайнд мордох, ан араатанг авлах, ажил хөдөлмөр хийхэд бяртай чадалтай сэргэлэн цовоо хүмүүс нь оролцож гарамгайлж хошуучилсаар ирсэн. Тэр нь тухайн үеийн бөхчүүд юм. Эдгээр гарамгай улсууддаа аль сайхан чанаруудаа шингээж үр хойчдоо уламжлуулаад ирсэн.


-Та бөхчүүдийг сайн барилдах нь эсэхийг хэрхэн шинждэг вэ?

-Барьцаа зөв барьж байгаагаас эхлээд алхалт гишгэлт өрөлт, гарны хайрцаг зөв байгаа эсэхийг нь харахад андашгүй дээ. 


-Таныг ном гаргах гэж байгаа сонссон. 

-Би 45 жил болж байж 3 ном гаргалаа. Зарим хүн 45 жил бичээд яахав гэж бодох л байх. Гэхдээ хэдэн онд хэн түрүүлсэн тухай ном биш ээ. Ийм номыг архиваас лавлаад хэн ч хийж чадна. Би монгол бөхийн түүхэнд хэн ч хийж чадаагүй номыг бичнэ гээд амлачихсан хүн. Тиймээс үндэсний бөхийн 725 мэхийг судалж бүх зургийг нь аваад тайлбартай нь бичиж гаргалаа. Үүнд тухайн мэхийг хийхэд гарч болох алдааг нь хүртэл дурьдсан байгаа. Өнөөдөртөө үнэ цэнийг нь ч хүмүүс мэдэхгүй. Зараагүй ч юм, магадгүй ойлгохгүй байх. Энэ ном шиг бүтээл ойрын 100 жилдээ гарахгүй болов уу.