Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Д.Трамптай ганцаарчилсан уулзалт, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсэн. Үүний дүнд хоёр улсын харилцаа стратегийн түвшинд хүрсэн гэдгийг тунхаглал гарган зарласан.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д ажиллаж, сурч буй монголчуудтай уулзжээ. Уулзалтын үеэр тус улсад оршин сууж буй монголчууд Ерөнхийлөгчид санал бодлоо хэлж, харилцан яриа өрнүүлсэн байна. Гадаадад амьдрах тийм ч таатай биш учир залуусыг эх орондоо ажиллаж, амьдрах нөхцлийг илүү сайжруулахыг олонх нь хэллээ. Мөн шийдлээ хүлээж буй томоохон асуудал, хэргүүдийн талаар Ерөнхийлөгчөөс асуусан байна.

Тухайлбал, Оффшор дансны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөхдөө оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Харин хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлж, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэлээ.

Төрийн тэргүүн энэ хүрээнд санал, бодлоо чөлөөтэй хуваалцаж, мөн уулзалтад оролцсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр нар бусад асуудлаар иргэдийн асуултад хариулт өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ дахь Монголчуудтай уулзсан уулзалтын талаар энд дарж дэлгэрэнгүй уншина уу.