Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Дөнгөж сая тус сонсголд Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирж, үг хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Одоо та бүхэн анх удаа уулзаж буй юм шиг, гадаад хүмүүст танилцуулга хийж байгаа юм шиг танин мэдэхүйн юм ярихаа боль. Шийдэл гарга. Мөнгөгүй гэдгээ боль. Монгол шиг баян улс байхгүй. Энэ сонсголоос тодорхой шийдэлтэй гармаар байна. Одоо шийдлүүд ярь.

Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой юм. Малчдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бирж байгуулж болж байна. Энэ мэт шийдэл гарга. Замбараагүй газар олгосноос нийслэлд ямар ч зохион байгуулалтгүй орон сууцнууд баригдсан. Ажилгүйдэл ядуурлыг орлогтой нь холбож агаарын бохирдлыг арилгах л зам байна.

Би БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай 6-7 удаа уулзаж, залуу хүн байна шинэ зүйл санаачлаад хий гэж хэлсэн. Санаа сэдэл авсан байх. Малчдын орлогыг тогтворжуулж, хот руу шилжих хөдөлгөөнийг багасга. 

Утаагүй зуух гэж хаана ч байхгүй гэдгийг дэлхий баталчихаад байхад их төсөв зарцуулж, туршилт нэрээр утаагүй зуух гээд л тараагаад байх юм. Туршил хийсээр байтал чинь хүүхдүүд эндсээр л байна.

Хотын төвлөрөл, агаарын бохирдлыг бууруулах 2 гол зүйл нь хот руу шилжих нүүдлийг зогсоох, дагуул хотууд байгуулах юм. Би 5 дээд сургуультай уулзсан. Дагуул хот байгуулвал нүүхэд бэлэн гэсэн. Мөн УУХҮЯ, Батлан хамгаалахын яам, ХХААХҮ-ийн яам хотод чихэлдэж байхаар нүүх хэрэгтэй. Ингэхээр олон мянган оюутан, төрийн албан хаагч хотоос гарахаар байна. Эдгээрийг хэрхэн хийх вэ гэх зэргээр шийдэл гарга. 

Дахин хэлье. Одоо танин мэдэхүйн зүйл ярихаа боль. Дахиж утаагүй зуух гэж ярихгүй шүү. Энэ сонголоос шийдэлтэй гараарай. Шууд шийдэл рүүгээ ороод явъя. УИХ-ын гишүүд энд орж ирээд анх удаа уулзаж буй юм шиг бие биенээсээ асуулт асуугаад байх юм. Энийг шийдэх талаарх бүх зүйл МАН-ын мөрийн хөтөлбөр байна лээ. Одоо 65-уулаа болсон та нар энэ мөрийн хөтөлбөрөө унш. Тэгээд хий. 

Мөн зуух шахаж, төсвөөс мөнгө завшсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай." гэдгийг хэллээ.