Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-нд ажиллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Миний хувьд улс төрд ороод анх толгойлж байсан яам бол энэ яам юм. Бид энэ яаманд ажиллаж байхдаа 21 аймгийг авто замаар холбох тэргүүн зорилго тавьж АХБ-наас зургийн мөнгийг гаргуулж ажил эхлүүлж байсан. Өнөөдөр баруун таван аймгаас бусад нь холбогдсон. Мөн шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлж байсан. Өнөөдөр бараг ашиглалтад орж байна. 2018 онд ашиглалтад орчихвол аялал, жуулчлалын салбарт том нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

1949 оноос хойш Монгол Улсад төмөр замын шинэчлэлийн бодлого яригдаагүй байсан. Би 2008 онд сайд болж байсан. 2010 оны 6 дугаар сарын 26-нд Монгол Улсад бараг анхны төмөр замын шинэ бодлогыг УИХ-ын 76 гишүүнээр хэлэлцүүлж шийдүүлсэн. Төмөр замын бодлогын зураг энэ хананд байна. Бодлогын хувьд шийдэгдсэн, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Ж.Бат-Эрдэнэ сайд өөрөө энэ ажилд оролцож байсан хүн. Сайд болсонд нь баярлаж байна.

Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд худалдаа эрчимтэй хөгжинө гэж үзээд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам хийх ёстой гэж үзэж байсан. Тэгэхэд хоёр улсын хооронд худалдааны эргэлт 30 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл  2020 он гэхэд ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх зорилттой байгаа. 

Энэ ажилд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон 1100 км хурдны зам дөт зам болно гэж үзсэн. Хоёр хөршийн Тээврийн яамд бодлогын хувьд оролцох ёстой. Гурван улсын хамтарсан ААН байгуулагдаж хурдны замыг ашиглалтад оруулах ёстой гэж тухайн үед үзэж байсан. Үүнийг эхлүүлэх ёстой.

УБТЗ дээр шүүмжлэл нэлээд гардаг. ОХУ-аас авах 100 тэрбум орчим рублийн зээлийг олон салгалгүй, зөвхөн хамтарсан ААН дээрээ авъя гэсэн саналыг сая Владивостокийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах явцдаа хэлсэн. 

Д.Жигжиднямаа дарга өөрөө тэнд байсан. ААН  батлан даалтаа гаргах учраас энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд хамаарахгүй байх.

Өнөө өглөө ҮАБЗ-ийн хурлыг хийсэн. Энэ хуралд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын нүүр тулах тулгамдсан асуудал болсон байна. Үүнээс гаргах хамгийн том салбар бол дэд бүтэц юм. Үүн дотроо ЗТХЯ шүү гэдгийг онцгойлон хэлсэн. 

Өнөөдөр бид замын ажлын тендэрийг БНХАУ-ын компаниудад өгдөг. Хятад ажилчид орж ирээд өөрийнхөө талаас өгсөн зээлээр цалинжаад, буцаагаад аваад гардаг. Бид зээлтэй, өртэй үлддэг. Энэ байдлыг халъя. 

Зээл авч болно. Түүн дээр монгол ажилчид, инженерүүд ажиллаж дэд бүтцийн салбартаа манлайлж оролцъё гэсэн санал дээр ЗТХЯ, ҮАБЗ хамтарч, нэг бодлого дор ажиллана шүү гэдгийг хэлье” гэв.