УИХ-ын 2020 оны намрын чуулган өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

- Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.

- Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг Та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэнд хөгжлийн ийм эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаад байгааг харуулж байна. Тэгш хандлага, тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна.

- Өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр нь ч хийж хэрэгжүүлж чадсангүй ээ. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн, ийм л улс боллоо.

- Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

- Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байна. Алслагдсан сумдад хүн амын бодлого үнэхээр хэрэгтэй байна. Монголчууд таван хошуу малынхаа өгөөжийг ашиглах, боловсруулах анхан шатны үйлдвэрлэл явуулах, нийлүүлэлтийн сүлжээ нь тодорхой болсон байхад хэзээд ажилтай байх боломж байна. Тийм учраас Дарханы арьс шир, ноос ноолуурын цогцолборын бүтээн байгуулалтыг түргэсгэх, орон нутагт түүхий эдийг боловсруулах, хүлээн авах боломжийг хангах ажлыг эн тэргүүний зорилт болгон төсөв, төлөвлөгөөндөө тусгамаар байна.

- Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна. 

-Үнэнийг хэлэхэд Эрхэм гишүүд Та бүхэнд энэ бүх асуудлын зангилаа бий Та бүхэн сар гаруйн өмнө улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог.

- Одоо та бүхэн  ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу? Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу?

- Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ?

- Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна.

- Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.

- Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. 

- Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?

- Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна.

- Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа маш хурдтай өнгөрч байгаа. Цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж хол хоцорчихгүй шиг ажиллах арга чарга байна уу гэж би олонхоос асууя.

- Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, хэрэглэж ирсэн арга барил, шийдэл, хийж ирсэн сонголт маань хамгийн зөв нь мөн үү гэдгийг улсаараа эргэцүүлж, эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Өөрчлөлт бол хөгжлийн цор ганц нөхцөл мөн гэж мэргэд сургасныг мөн санах хэрэгтэй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү.

- 2020 оны улсын төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа.

Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.

Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг Та бүхэнд сануулж байна:

Үүнд:

  • Төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад “зайлшгүй    хэрэгцээтэй байх” хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох;
  • Төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгах;
  • Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах;
  • Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх. Эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу. 

Эцэст нь 13 аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд дээр 500 гаруй хүн санал бодлоо биечлэн илэрхийлснийг дүгнэн хэлье. Нийт иргэд маань “нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй” гэдэг захиасыг захилаа.