Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа болон биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Монгол Улс анх удаагаа спортоор хичээллэдэг, гавьяат тамирчин, улсын шигшээ багт байсан Ерөнхийлөгчтэй болсон. Тэгэхээр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэв нь танин мэдүүлж, ойлгуулах хэмжээний хэцүү сэдэв биш. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа үед биеийн тамир спортын холбоод бусад хороод хэрхэн надтай хамтран ажиллах вэ гэдэг нь л өнөөдрийн гол сэдэв байх болно.

Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө спорттой холбоотой хэд, хэдэн зүйл тусгасан байдаг юм. Та бүхэнд танилцуулъя.

Миний мөрийн хөтөлбөрт:

  • Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална…. хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллах.
  • Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах талаар тодорхой заалтууд оруулсан байгаа.

Эдгээр зорилтоо амьдралд хэрэгжүүлэхэд минь өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэлцүүлгээс гарах санал, дүгнэлт ихээхэн тус болно гэж би үзэж байна.

Үе үеийн Ерөнхийлөгчид 2002-2015 оны хооронд биеийн тамир, спортын чиглэлээр таван зарлиг гаргасан байдаг юм байна. Тухайлбал:

  • 2002 онд – “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай”
  • 2010 онд “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай”
  • 2012 онд “Тамирчдын олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшуулал”-ын тухай. Энэ зарлиг олон хүнд урам өгсөн бас шүүмжлэл дагуулдаг.
  • 2014 онд “Өвлийн спортыг хөгжүүлэх тухай”
  • 2015 онд “Багийн спортыг хөгжүүлэх тухай” зарлиг тус тус гаргасан байдаг юм байна.

Евразийн дунд оршдог, хүн ам цөөтэй манай улс тив, дэлхий олимпод чамгүй амжилт гаргаж байгаа. Энэ нь өөрөө бидэнд эх оронч үзэл, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлах том салбар. Бид энэ салбараа орхигдуулж болохгүй. Гэвч төсөв, мөнгөндөө баригдаад, аль ч спортын төсвийн асуудал л яригдаад байдаг. Гэвч, спортын төрийн бус байгууллагуудыг толгойлж байгаа ерөнхийлөгч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүс идэвхтэй байхын тулд нэгдүгээрт холбоогоо маш сайн мэддэг байх ёстой. Холбоогоо мэдэхгүй, мөнгөтэй хүнийг холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгочихвол мэдлэггүйгээс болоод тэр салбарын хөгжилд нэмэр болдоггүй юм шүү. Холбоод хурлаа хийхдээ зарчимтай, эвлэлдэн нэгдээд энэ сэдвээр ярилцах ёстой. Төрийн бус байгууллага, нөгөө талдаа төсөв буюу улсын шигшээ баг, холбоодын ерөнхийлөгч нар эвтэй байж, эвлэлдэх юм бол спортын амжилт гарах том түлхэц болно.

Жишээ нь, сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн холбоо сайн ажиллаж байна. Саяхан мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа финалд үлдлээ. Мөн нутагтаа зохион байгуулсан тэмцээнд Австралийн багтай тоголж түрүүлсэн. Харамсалтай нь Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр салчихсан. Энэ холбоод нэгдэх ёстой. Ямар нэг тайлбаргүйгээр нэгдэх ёстой шүү. Чөлөөт бөхийн холбоо гэхэд байнгын хэрүүлтэй байна. Ийм байхад спортын амжилт гарахгүй. Үндэсний бөхийн холбоо хүртэл 20 гаруй жил хагаралдаж байна. Морь, бөх, сурыг монголчууд бид эрийн гурван наадам гэж ярьдаг. Морины холбоо нь морин уралдаанаа зохион байгуулж чадахаа больсон. Морьдыг шөнө уралдуулж байна. Тэгэхээр бид өөрсдөө ухамсартай байж тухайн спортод залуу насаа зориулж байсан хүмүүс хэрүүл, тэмцлээ зогсоож “Бид яах ёстой вэ?” гэдгээ ярилцмаар байна. Бид эвлэлдэн нэгдэх гэдэг зүйлээ спортын холбоодоос тэр дундаа Үндэсний бөхийн холбооноос эхлэх ёстой. Үндэсний бөх бол олон мянган жилийн түүхтэй, ард түмнээ цэнгэн баярлуулдаг спорт. Би энэ тал дээр анхаарч ажиллана. Холбоодод дахин хэлэхэд бид эвлэлдэн нэгдэж байж амжилтад хүрнэ шүү.

Спортын холбоод эвлэлдэн нэгдээд, ач холбогдол өгөөд нэг шийдэл надад өгөх юм бол би дэмжихэд бэлэн байна. Спорт бол эх оронч хүмүүжил бөгөөд дэлхий дахинаа улс орноо сурталчлах том салбар юм. Та бүхэн өнөөдрийн хэлэлцүүлгээ үр дүнтэй өнгөрүүлж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж дахин хэлье.

Спортын ач холбогдол, нийтийн биеийн тамир чухал учраас хөхүүлэн дэмжинэ. Ингэж байж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг өвгөдийн сургаалийг биелүүлж, эрүүл чийрэг байж Монгол үндэстэн оршино тогтноно” гээд “Спорт ба эрүүл Монгол үндэстэн” сэдэв хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид өмнөх Ерөнхийлөгч нарын гаргаж байсан спорттой холбоотой зарлигийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, биеийн тамир, спортын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан юм. Мөн спортын чиглэлээр ажиллаж байгаа биеийн тамирын төрийн байгууллага, нийгэмд үйлчлэх олон төрийн бус байгууллагын төлөөллүүд, их дээд сургуулийн багш, оюутан, судлаачид, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөллүүд дээрх зарлигийн хэрэгжилтэд дүгнэлт хийн 10 илтгэл, мэдээллийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд гарсан санал, үр дүнтэй яриа, дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, зарим асуудлыг Засгийн газар чиглэл өгөн шийдвэрлэн ажиллах юм.