Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр "Цензургүй Яриа" нэвтрүүлгийн зочноор уригдлаа. 

Тэрбээр энэ удаа цаг үеийн асуудлууд дээр байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг хэдийн давсан гэв. Тухайлбал “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөсөн нь ердөө хувийн ашиг сонирхол. 21 аймаг засмал замаар бараг холбогдчихлоо, бүх сум цахилгаантай болчихлоо, ард түмэн одоо тойрогтоо хийсэн ажил, бүтээн байгуулалтыг бус шударга ёсыг шаардаж байгааг би 21 аймгаар явахдаа мэдэрсэн гэв.

Мөн тэрбээр ЖДҮ хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь хэтэрхий шударга бус байгааг онцлоод өчигдөр МАН-ын бүлгийн хурал дээр орж зарим гишүүдтэй энэ асуудлаар санал солилцсон гэв. Энэ үеэр  "Үнэхээр ийм зээл авчихсан юм уу" нэгэн гишүүнээс асуухад хээв нэг "Бүгдээрээ л авсан" хэмээн хариулсан гэлээ. 

Өмнөх Засгийн газрын сайдууд нь концессийн гэрээгээ өөрсдөө авсанаас болж унасан. Гэтэл одоогийн Засгийн газар байтугай УИХ -ын ихэнх гишүүд нь ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой зээлийг дундаас нь авчихсан, БССБ-аар угааж байгаа бага хүүтэй зээлийг томчууд халаасалдаг арга барил нь  огцрох хангалттай шалтгаан хэмээн онцолсон.

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ерөнхийлөгчөөс "Хэрвээ та УИХ тарахгүй бол яах вэ" гэж асуухад тэрбээр "Би Их хурал тарахгүй бол би  өлсгөлөн зарлах уу. Байдал ийм байна. Өнөөдөр АТГ-т үүнийг хэлсэн. Монгол улсыг шившигтэй байдалд оруулах уу гэсэн дуугарсангүй" гэсэн юм.