Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав.


Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.

Хөвсгөл аймгийн иргэн Ням-Очир:

“…Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн байна. Ер нь Монгол Улсын хэмжээнд, тухайлбал манай Хөвсгөл аймгийн хэмжээнд ч ажлын хариуцлага, ялангуяа хөрөнгө оруулалтын ажлын хариуцлага гэдэг зүйл алга байна. Энэ жил долдугаар сард манай нутагт их хэмжээний бороо орсон. Манай Мөрөн сум тэр чигтээ үерт автсан. 2012-2016 онд би Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Мөрөн сум үерийн аюултай бүсэд байна, үерийн далан байгуулах ёстой гээд тухайн үедээ Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 800 сая төгрөгийн санхүүжилтыг батлуулж, үерийн далан бариулсан. 

Мөрөн сум үерийн ямар ч аюул, эрсдэлгүй боллоо гэдэг тайлан, мэдээллийг тухайн үедээ бидэнд тавьж байсан. Тэр ажлын үр дүнг энэ жилийн бороо шалгаад өглөө. Үерийн далан нь бүгд урсаж, зам харгуй эвдэрч, айлын гэр орон сүйдэж, маш их хохирол учирлаа. 2014, 2015 оны 800 сая төгрөгийн санхүүжилт гэдэг маш их мөнгө. Гэтэл ямар ч үр дүн гарсангүй. Улс орон даяараа ийм ажлуудыг хийж байна. Үүн дээр хууль дүрмийг нь сайжруулах, тавьдаг хяналтыг нь чангаруулах зэргээр Засгийн газар, яамдад нь Та хэлж өгөөч. Хөрөнгө оруулалтын ажил ингээд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зараад л өнгөрч байна.”


Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн А.Баттүшиг:

“…Нутагтаа тулгамдаад буй асуудлыг хэлж ярихаар энэ уулзалтыг зорьж ирлээ. Манай Хатгал тосгон Хөвсгөл нуурын эрэгт байдаг. Хөвсгөл нуурын эрэг, Хатгал тосгоны нутаг дэвсгэрт газар олголт хэрээс хэтэрч, эко системийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч, тун хүнд байдалд орлоо. Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүс нь манай Хатгал тосгон. Гэтэл энд газар олголт хэрээс хэтэрч байна. Сүүлийн үед аймгийн удирдлагын зүгээс мал, малчин хоёр Хөвсгөл нуурын эргийг бохирдуулж байна гэсэн асуудал ярьж, тусгай зөвшөөрөл, лиценз нэрээр орон нутгийн иргэд, малчид бид нарыг амьдрах орчингүй болгож байна.”


Хөвсгөл аймгийн иргэн Мөнхзул:

“…Одоо миний хэлэх саналыг Эрүүл мэндийн яаманд уламжилж, Ерөнхийлөгчийн зүгээс санал оруулж өгнө үү гэж би хэлэх үгийнхээ эхэнд аминчлан захиж байна. Малчдын эрүүл мэндийн асуудал өнөөдөр маш хэцүү байна. Сум, аймгаасаа алслагдмал амьдарч буй учраас өвчнийг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд малчид төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Мөн ар гэрийн боломжгүй, хүүхэд багачууд сургуульд явсан хойно хоёулхнаа үлддэг малчид өвчнөө эрт илрүүлж чадахгүй юм. Малчдад ямар үед нь эмнэлэг хэрэгтэй болж байна вэ гэхээр өвчин эцсийн шатандаа орсон үед л эрүүл мэндээ хамгаалъя гээд ороод ирдэг. Энэ асуудлыг Эрүүл мэндийн газарт уламжилж, хөдөөгийн малчин түмний эрүүл мэндийг хамгаалахын тулд нүүдлийн амбулатори ажиллуулж, өвчнийг оношлох багаж хэрэгслээр хангах замаар шийдэж болох уу? Энэ асуудлыг цааш нь уламжилж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.”


Хөвсгөл аймгийн иргэн Балдандорж:

“…Би хөдөө аж ахуйн салбарт 47 жил ажиллаж байна. Үүнээс газар тариалангийн салбарт 23 жил ажиллаж, төмс, хүнсний ногоо тариаллаа. Манай хүнсний ногооны салбарт залуучууд түлхүү орж ажиллаж байна. Гэтэл төмс, ургацаа одоо болтол хурааж авч чадаагүй, хөлдөөж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр, залуу ногоочдод техник алга. 1960-70-аад оны үеийн гурван трактор байдаг. Эднийгээ засаж сэлбэн барин явсаар ургацаа хөлдөөж байна.

Би орон нутгийнхаа холбооны тэргүүн учраас Төмөртэйн аманд томоохон газар аваад, агропаркийн хэмжээний бүтцийг бий болгож ажиллая гэхээр тухайн сумын ИТХ шийдэхгүй байна. Би өөрөө далан насыг дөхөж яваа хүн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулж өгөх арга байна уу гэсэн саналыг би тавьдаг.

Манайх техникгүй байгаа шалтгаан нь татаас. Татаастай учраас бидэнд техник олгож чаддаггүй. Жишээ нь Ховд аймагт л гэхэд Тариалангийн сан болон холбоо хоршооноос өгсөн санхүүжилтээр тариаланч, ногоочдод гурван техник авч өгсөн байна. Би энэ саналыг удирдлагууддаа тавиад л явдаг.”


Хөвсгөл аймгийн иргэн Ж.Оюумаа:

“…Бид монгол хүн гэдэг үндсэн чанараа алдчихлаа. Хүүхдүүдийг сурахаас нь эхлээд монголоороо бахархдаг болгох боломжийг алдсан учраас оюун санааны хувьд доройтоод байгаа юм. Манай Хөвсгөлд жаахан дэмжээд өгвөл хөдөө орон нутгаар явж, иргэдийг гэгээрүүлэх ажлыг сайн дураараа хийе гэсэн гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл бий болсон. Жинхэнэ зөв монгол хүнийг бий болгох ажлыг Та үйл ажиллагаа, хөтөлбөртөө тусгаж өгөөч.

Монгол хүний эрүүл мэнд өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд очсон. 50 хүртэлх насны эрэгтэйчүүдийн тал хувь нь байхгүй болчихсон гэдгийг бид мэдэж байгаа. Ийм учраас эмнэлэг барих, оношлох гэхээсээ илүү өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийе. Бид эрүүл мэндийн мэдлэг олгох ажлыг хийе. Соёлын довтолгоог хийхэд таван жилийг зарцуулсан байдаг. Яг үүн шиг бүгдээрээ буухиалаад ард түмнээ гэгээрүүлэх, эрүүл мэндийн мэдлэгтэй болгох ажлыг хийх юмсан гэсэн чин сэтгэл байна. Үүнийг бодлого болгоод өгөөч гэж хүсэж байна.”


Хөвсгөл аймгийн иргэн Ё.Даваа:

“…Монгол хүний хөгжил, төлөвшлийн асуудал байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгыг хуучин социализмын үеийн агуулгаас салгамаар байна. Монгол хүний нас, сэтгэхүйн онцлог, манай орны цаг уурын онцлог, манай уламжлалт түүхэнд тулгуурлан судалгаа явуулж байж сургалтын агуулгыг өөрчлөхгүй бол эх оронч үзэлгүй, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэггүй, хэн хэндээ итгэхээ байчихсан ийм хүмүүсийн цуглуулга боллоо. Манай орон Эрээнээс дор хөгжилтэй болж байна шүү дээ. Үүн дээр анхаарч, дорвитой өөрчлөлт, шинэчлэлтийг хийж өгч болдоггүй юм болов уу” гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад тухайлан хариулав. Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн иргэд бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, эко системийн доройтлын талаар олон санал хэлсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй. Бид бодлого гаргах ёстой. Тухайлбал, хаана ямар байдлаар аялал жуулчлалын зориулалтаар газар өгөх, ресторан, зочид буудлаа ямар байршилд төлөвлөх гэх мэт асуудлыг бодож ажиллах хэрэгтэй. Одоогийнх шиг нийтэд нь томоохон газар өгчихөөр стандартын бус дэд бүтэц хийгддэг. Аялал жуулчлал үйлчилгээгээ дагаж хөгждөг учраас энэ асуудалд ялангуяа Хөвсгөл аймаг маш сайн анхаарах ёстой” гэлээ.

Түүнчлэн уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “…Монгол Улс 1.5 сая км хавтгай газар нутагтай, өргөн уудам орон. Аймаг, сум болгон өөрсдийн гэсэн онцлогтой. Бүс нутаг, бүсчилсэн газрууд нь онцлогтой. Тухайлбал говь, хангай нутаг, баруун, зүүн бүс гэхэд өөрсдийн гэсэн онцлогтой, үүнийгээ дагаад өөр өөр асуудалтай байдаг” гэлээ.

Гэвч орон нутгийн иргэдтэй хийж буй цуврал уулзалтуудын үеэр иргэдийн зүгээс шударга ёсны гажуудал, намчирхал, ядуурал, тэтгэвэр халамж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг нийтлэг сэдвээр санал хүсэлтээ давтамжтай илэрхийлж буйг тэмдэглэж, эдгээр асуудлуудад бүх түвшиндээ онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг санууллаа.