Засгийн газрын ээлжит хурадаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар түрээсийн орон сууцтай холбоотой шийдвэр гаргасныг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулж мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газар өнөөдөр түрээсийн орон сууцны талаар шийдвэр гаргалаа. Өмнөх Засгийн газрын үед эхэлж байгаад хөрөнгийн дутагдлаас болоод зогссон Улаанбаатар хот дахь 972 айлын, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймгуудын нийт 1542 айлын орон сууцны ажлыг өнгөрсөн оны Засгийн газрын хурадаанаар хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээр дуусгая гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд дээрх 4 газар баригдаж буй 4 төсөл арга хэмжээний ажил дуусаж, барилга ашиглалтад орж байна. 

Улаанбаатар дахь 972 айлын орон сууц нь "Буян Ухаа-2" хороололд баригдан ашиглалтад орж байна. 

Тус орон сууцны газрыг төрөөс олгосон бөгөөд инженерийн дэд бүтцийг мөн төрөөс шийдэж өгсөн. Түрээсийн орон сууцны зориулалтаар барьж эхэлсэн учраас түрээсийн орон сууц болгоё гэсэн шийдвэрийн Засгийн газар өнөөдөр гаргалаа. 

Хөгжлийн банкны зээлээр эдгээр орон сууц ашиглалтад орсон учраас гарсан зардлаа тухайн аймаг орон нутаг шилжүүлэх замаар 5 жилийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Улаанбаатар хотын захиргаа тус орон сууцыг иргэдэд ямар журмаар, яаж олгохоо өөрсдөө шийднэ.

Тухайлбал, орон сууц түрээслэх иргэдэд түрээсэлж болно, шаардлага хангахгүй орон сууцанд амвдарч буй иргэдэд олгож болно, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгож болно. 

Тус орон сууцыг иргэд таван жилийн хугацаанд түрээслээд цаашид өмчилж авч болно гэдэг шийдвэрийг Засгийн газраас гаргалаа" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг шууд дамжуулж байна.

Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм. 

Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд  түрээслүүлэх юм.