Уламжлалт анагаах ухаанд шөлтэй хоолыг шимжүүлэх буюу хүнийг шим тэжээлээр хангаж дархлааг сайжруулж насыг уртасгадаг хоол гэж үздэг. Хурдан шингэдэг учраас хүний бодисын солилцоог сайжруулдаг давуу талтай. Тэр дундаа хонины шөл. Уламжлалт аргаар бол ямар ч ядарч сульдсан хүнд шим тэжээл өгдөг ажээ. Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлгийг үүсгэн байгуулагч, Хүний гавьяат эмч П.Баатар эмчийн зөвлөж буй ядаргаа тайлах шөлний жорыг хүргэж байна. Борви ясны шөл, арвайн шөл нь Хубилай цэцэн хааны дэргэдэх Хөсүхүй гэдэг хүний бичиж үлдээсэн 500 гаруй эрүүл хоолны жорын нэг юм.

1.Гурван шимтийн шөл

Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, толгойны ясыг шулж аваад чанана. Шөлний давсыг тохируулах ба удаан хугацаанд буцалгавал сайн.


2. Дөрвөн шимтийн шөл

Эм төлгөн хонины далны бариул яс, борви тойгны яс, хар сээр зэргийг махнаас нь шулж аваад чанана. Мөн л шөлийг ширгэтэл удаан чанаж буцалгаарай.


3. Битүү шөл

Татсан буюу нимгэн хярж хөшиглөсөн маханд өөх, давс, сонгино, халуун ногоо нэмж амтыг нь тохируулаарай. Дараа нь шаазан аяганд хийж таглах буюу гүзээ олгой, нимгэн элдсэн гурилын аль нэгээр битүүлэн таглаад уураар чанаж болгоорой.


4.Борви ясны шөл

Шөлийг бэлтгэхийн тулд 30-40 ширхэг ясыг дэвтээж усанд хийж ширмэн тогоонд буцалгадаг. Дараа нь шаарыг шүүж тос өөхийг нь царцаан аваад дуртай үедээ хэрэглэж болно. Борви ясны шөлийг тамир доройтож, турж эцэх, бөөрний тамир алдагдах үед уувал хурдан засч эдгээх шидтэй. Бас эмэгтэй хүний сарын хирийг тэнцэтгэдэг.


5.Арвайн шөл 

Энэ шөл савыг бүлээсгэн хийг тэнцвэржүүлж, ходоод дэлүүг сайжруулж, хэвлийн хөөж цанхайхыг арилгадаг. Энэ шөлийг хийхийн тулд хонины махны нэг мөчийг салган хэрчиж дээр нь 5 бүхэл арвайн цагааныг буцалгасан усаар цэвэрлэж чанадаг. Ийнхүү буцалгасны дараа шөлөө шүүж гарган арвайн гурилаа нэмж буцалгана.