Улсын Их Хурлын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, орон нутагт энэ чиглэлийн нэгж байгуулахдаа боловсон хүчинг бэлтгэхэд уг хуулийн төсөл чиглэжээ.

Эрүүл мэндийн яам жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг улсын төсөвт суулгадаг. Энэ жилийн хувьд тус салбарт 11 компьютер томограффын аппарат, 19 ходоодны дурангийн аппарат нэн шаардлагатай байгаа тул хуулийн төсөлд оруулан ажиллаж байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн салбарын нийт эмнэлгийн барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан тул шинэчлэх, засварлах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хариулж байлаа. 

Мөн тэрбээр, хавдрын өвчнөөр өвчлөгсдийн сэргээн засах, туяа, зарим химийн болон хөнгөвчлөх эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Түүнчлэн 2018 оноос хүн амыг насны бүлгээр дөрөв ангилж түүнд хамрагдах урьдчилан сэргийлэх үзлэгийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, 4,5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийслэлийн дүүргүүдэд 2018, 2019 онд мэс засал, хавдрын кабинет нээсэн бөгөөд одоо орон нутагт  хавдрын эмчилгээний нэгжийг байгуулж, хэвтэн эмчлүүлэгсдийн орны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашдаа хуулийн төслийн хүрээнд 39,9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардал, улсын хэмжээнд  66 эмч, энэ тооны сувилагчийг давтан бэлтгэх шаардлагатай гэж байлаа. 

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувь нь дэмжив.