Харвардын их сургуулийн оюутнуудын хамгийн ихээр сонгон судалдаг хичээл бол Хятадын философич Күнз, Лао-Цзы нарын сэтгэгчдийн үзэл санаа судлал юм. Тэд энэ хичээлийг сэтгэл судлалын онолоос хамаагүй үр дүнтэй гэж үздэг. Шалтгаан нь оюун санаагаа тогтоон барих, дотроо байгаа далдлагдсан мөн чанаруудаа ахин нээхэд тустайд тооцдогт бий. Ялангуяа орчин үеийн технологид суурилсан ертөнцөд эдгээр үзэл сургаалиуд таны оюун санаанд шинэ өөрчлөлтийг авчирах болно. 

Сайтар анхаарч уншаарай, таны ертөнцийг үзэх үзэлд  шинэ хандлагыг суулгах болно.


#1. Гадна орчин хүнийг бүрэлдүүлдэг (энэ маш чухал)

Орчин үед өөрийгөө ойлгож, би чухам хэн гэдгээ таньж мэдэх нь чухал гэдгийг нэлээн ярих болжээ. Дорно зүгийн сэтгэгчид үүнд таатай ханддаггүй. Учир нь "Бие хүн" гэж бид нэрлээд байгаа тэр олон талын байр суурьт, хандлагын эмх цэгцгүй бүрдэл дотроосоо биш гаднаасаа бүрэлддэг. Тухайлбал та бид өдөр тутамдаа бусадтай хэрхэн харилцаж, тохиолдсон зүйлдээ хэрхэн хандаж байгаагаас шалтгаалан бидний хийж буй үйлдэл бүрдэнэ.
Бид байнга өөр өөр байдаг. Ээжтэйгээ, дотны найзтайгаа эсвэл хамт ажилладаг хүнтэйгээ гэх зэрэг тухайн үед хэнтэй харьцаж байгаагаасаа шалтгаалан биеэ өөр өөрөөр авч явдаг. Бидний одоо байгаа байдал нь байнгын өөрчлөлт, шинэ туршлага, мэдрэмжүүд амьдралд маань нөлөөлсний дүн юм.


#2. Нэгэн хэвийн байх ашиггүй, өөрчлөгдөхөд бэлэн бай

Сэтгэл судлаачдын давтдаг дараагийн номлол бол өөртөө үнэнч байх. Гэхдээ МЭӨ VI зуунд төрсөн Эртний Хятадын агуу философич Күнз үүнтэй санал нийлэхгүй нь лавтай. Өөртөө үнэнч, тууштай байх нь эрх чөлөөнд хүргэхгүй гэж тэр хэлэх байсан биз. Чи яг одоо биеэ яаж авч явж байна тэр чинь л чи. Тэгэхээр, цор ганц “жинхэнэ Би” гэдэг ойлголт огт байхгүй, бид үргэлж л адилханаар бодож, мэдэрч, нэг үйлдлээ байнга хийж чадахгүй шүү дээ.
Бидний хийж байгаа үйлдэл бүр дотоод өөрчлөлтийн асар олон өөрчлөлтийг авчирч байдаг.“Жинхэнэ Би” гэдэг нь бие хүнийг яг тухайн, маш богино хоромд буулгасан хоромхон зуурын зураг юм. Тэр дүр зурагт өөрийгөө чиглүүлэх боломж олгочихвол түүний олзонд орно гэсэн үг. Улмаар бид шинэ туршлага сууж чадахгүй, эцэст нь өөрсдийгөө хөгжүүлэх замыг хаачихаж байгаа юм.


#3. Сэтгэл хөдлөлөөр өөрийгөө чиглүүлж болохгүй, Чигээ тогтоосон байхад сэтгэл чинь аяндаа тохирчихно
Аутентик буюу жинхэнэ, тууштай, өөртөө үнэнчийн араас хөөцөлдсөөр байгаад бид мэдрэмж, сэтгэлээ үнэмлэхүй нэг туйлт болгочихдог талтай. Таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна, хүсч байна эсвэл хүсэхгүй байна. Үр дүнд нь бид ойлгомжгүй эсвэл хол санагддаг зүйлсийг өөрөөсөө түлхэж байдаг. Тухайлбал, “би бизнес хийх хүн биш ээ” гэх шалтгаанаар хувийн бизнесээ эхлүүлэхээс татгалзах гэх мэт.

Бидний хийж байдаг үйлдлүүд бидэнд дотоод өөрчлөлтийг авч ирдэг гэж Күнз сургадаг. Бидний сэтгэл хөдлөл маш замбараагүй, гэхдээ эртнээс бэлтгэж чадвал сэтгэл хөдлөлөө удирдаж, нэг урсгалд оруулж болно. Тухайлбал, толины өмнө нүүрээрээ янз бүрийн сэтгэл хөдлөл илэрхийлж дасгал хийснээр эмоци, сэтгэл хөдлөлөө хурдан сольж сурах юм. Ингэснээр таагүй мэдрэмж, санаа зовнил дээрээ төвлөрөлгүй, цааш амьдрах боломжтой болно.
Сэтгэл хөдлөлөө удирдаж сурснаар бид хүсэж байгаа шигээ байж чадна. Хэцүү зантай хүн: “Би юу гэж боддогоо хүмүүст шууд хэлчихэж чадах юм чинь” гэж өөрийгөө өмөөрдөг. Гэхдээ бүдүүлэг аашилж, өөрийгөө барьж чадахгүй байна гэдэг шулуун, шударгатай агаар нэг биш. Сэтгэл хөдлөл өндөртэй байна гэдэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байхаас гадна, сэтгэл хөдлөлийн баялаг сайтай байхыг хэлнэ. Үйлдэл нь сэтгэл хөдлөлөө удирддаг байвал бид өөрчлөгдөн дэвших боломжтой.


#4. Том шийдвэр гаргахгүй байх, харин жижиг алхмаар урагшлах
Амьдралаа тав, арав, арван таван жилээр төлөвлөх нь буруу юу? Бид ирээдүйгээ төлөвлөхдөө бие хүн маань энэ хугацаанд өөрчлөгдөхгүй гэж тооцоолдог. Гэхдээ бид байнга өөрчлөгдөж байдаг. Дуртай зүйлс, бодол төсөөлөл, ертөнцийг үзэх үзэл бүгд өөрчлөгдөнө. Бид идэвхтэй амьдрах тусам дотоод өөрчлөлт улам хурдацтай явагдаж байдаг. Одоо үед амжилттай явна гэдэг бол өөрийгөө байнга хөгжүүлэх, ирээдүйгээ тодорхой төсөөлөх гэсэн хоорондоо зохицох боломжгүй 2 зүйлийг өөртөө цогцлооно гэсэн үг.
Асар том амлалт өгөхийн оронд Эртний Хятадын философич Менцийн аргаар жижиг, биелүүлэх боломжтой алхмаар алхаж агуу том зорилтдоо хүрнэ. Та өөрийн карьерийг орвонгоор нь өөрчлөхийг хүсэж, шинэ зүйл туршмаар санагдвал цалингүй дадлага хийх, сайн дурын ажил хийх гэх мэт жижиг зүйлсээс эхэл. Ингэснээр шинэ зам тань таалагдаж, тохирч байгаа эсэхийг мэдэх юм. Шинэ туршлага олж авахад мэдэрч байгаа мэдрэмжээ анзаараарай, тэд танд ойлгоход тусална.


#5. Хүчтэй байх хэрэггүй, нээлттэй бай
Хүчтэй нь хожно, амжилтад хүрэхийн тулд шаргуу байж, тууштай зүтгэх хэрэгтэй гэж бидэнд хэлсээр байдаг. Харин философич Лао-Цзы МЭӨ IV зуунд бичсэн “Даоизмын онол” номондоо дорой байхын давуу талыг бичсэн байдаг. Ихэнхидээ сул дорой байдлыг идэвхгүй байдалтай холбон ойлгодог. Гэхдээ Лао-Цзыгийхаар бол бид хорвоо ертөнц дээр болж байгаа бүх үйл явдлыг хоорондоо уялдаа холбоотой гэж ойлгох хэрэгтэй гэнэ. Тэрхүү холбоог ойлгож, мэдэрч чадвал болж байгаа зүйлсийг ойлгож, бусдыг сонсож чаддаг болно.
Ийнхүү дотоод нээлттэй байдал нь хүчээр олж авч чаддаггүй шинэ боломжуудыг нээж өгдөг. Тэмцэхээс татгалзсанаар бид ухаалаг болно: бид тухайн нөхцөл байдлыг ялалт эсвэл ялагдалд хүрэх зам гэж бодохгүй, бусдыг хамтрагч эсвэл дайснаа гэж хүлээж авахаа болино. Ийм хандлага нь сэтгэлийн хүчийг хэмнэдэг ба бүх хүнд ашигтай байх өвөрмөц шийдлийг олоход тусалдаг.


#6. Давуу тал дээрээ төвлөрөх хэрэггүй, янз бүрийн зүйлсийг турш
Өөрийн давуу талаа олж, бага наснаасаа хөгжүүл гэж хэлдэг. Танд спортын авьяас байгаа бол хөл бөмбөгийн багт ор, ном унших дуртай бол уран зохиолоор яв гэх мэтчилэн. Бид байгалиас заяасан авьяас, сонирхлоо хөгжүүлж өөрийнхөө нэг хэсэг болгодог. Гэхдээ хэтэрхий туйлшрах юм бол бид хаалттай болж бусад зүйлсийг хийхээ, сонирхохоо больдог.
Эртний Хятадын философичид туйлшрахгүйн тулд хийж чаддаггүй зүйлс дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж үздэг. Та өөрийгөө хөдөлгөөний эвсэлгүй гэж боддог бол бүжгийн дугуйланд явж эхэл. Та хэлний авьяасгүй бол хятад хэл сур. Гол зорилго нь тухайн салбаруудад хамгийн шилдэг нь болох биш, харин амьдралаа урсгал ус шиг байнга цутгаж байдаг болгох, ингэснээр бүрэн дүүрэн амьдарч эхэлнэ.


#7. Бодлоготой байх хэрэггүй, шууд хий
Эрчимтэй өөрчлөгдөж буй энэ амьдралын хэмнэлд бодлоготой байснаар л энх тайвныг олж авна гэж бид өмнө нь боддог байсан. Бизнесийн сургууль, хувь хүний хөгжлийн семинарууд дээр үр бүтээлээ дээшлүүлэхийн тулд бодлоготой байхыг зааж сургадаг.
Буддын сургаалиар бол “Би” –гээс салах хэрэгтэй. Харин Конфуцийн номлолоор өөрийгөө хөгжүүлэхийн тулд хорвоо ертөнцтэй харилцан ажиллаж, түүгээрээ дамжуулан шинэ учрал бүрээр, туршлага бүрээр өөрийгөө хөгжүүл гэдэг. Илүү болохын тулд идэвхтэй үйлдэл хий хэмээн Конфуций сургадаг.
Өнөө үед бид дарангуйлалт, уламжлалт нийгмээс салж өөрийн дураар амьдарч байна гэгддэг. Гэхдээ уламжлалт нийгэм гэдэгт байгаа юмыг байгаагаар нь хүлээн авч, тогтсон хэв журамд нийцэн амьдрахыг хэлж байгаа юм бол бид одоо ч гэсэн уламжлалт нийгэмд амьдарсаар л байна.


#8. Явах замаа сонгох хэрэггүй, өөрөө бүтээ
Орчин үеийн нийгэмд бид хэрхэн амьдрахаа өөрсдөө шийддэг, эрх чөлөөтэй гэж төсөөлдөг. Гэхдээ дассан замаараа, дүрэм журамд найдаж явсаар бид ихэнхидээ өөрсдөө боломжоо хязгаарлаж байдаг. Хэрэв бид амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол олон хүний замнасан замаас гарах хэрэгтэй. Бүр төөрөх хэрэгтэй.
“Даоизмын онол” номонд “Явж болох зам бол найдвартай зам биш” гэсэн байдаг. Хэрэв амьдрал чинь төлөвлөсний дагуу явна гэдэгт итгэдэг бол таны урам хугарах болно. Бид маш хэцүү амьтад, бидний хүсэл биднийг тал тал тийш зулгаадаг. Үүнийг хүлээн зөвшөөрч, шинэ туршлага бүр бидэнд юу авч ирсэнийг ухаарч чадсан цагт өөрсдийгөө илүү сайн ойлгодог болж, гадаад өөрчлөлтөд мэдрэг болно. Хэт мэдрэг төхөөрөмж шиг байснаар бид илүү нээлттэй болж, хэр баргийн бартаанд донслохгүй.