Говь-Алтай аймагт 23 настай иргэн галзуу чононд хазуулсан тохиолдол гарсан. Уг асуудлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч Х.Ариунболдоос тодрууллаа.

-Говь-Алтай аймгийн Бугат суманд галзуу чоно хүүхэд рүү дайрсан хэрэг гарчээ. Энэ хүүхдийн биеийн байдал ямархуу байгаа вэ?

-Энэ сарын 19-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд 23 настай иргэн “Т” галзуугийн сэжигтэй чононд уруулсан галзуу өвчний өндөр эрдэлтэй тохиолдол бүртгэгдлээ. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй авч галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан.Өнөөдрийн байдлаар галзуу өвчний эсрэг вакцины 2 дахь тундаа хамрагдсан, биеийн байдал тогтворжсон, ямар нэгэн зовиургүй байна.

-Он гарсаар хичнээн тохиолдолд бүртгэгдээд байна вэ? 

-Энэ он гарсаар 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 89 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурсан үзүүлэлт.

-Иргэд хэрхэн  галзуу өвчнөөс сэргийлэх вэ?

-Нохой тэжээдэг бол өөрсдийн хариуцлагаа ухамсарлан, нохойгоо уяж хэвших, галзуугийн эсрэг вакцинд хамруулах, олон нийтийн газарт хошуувч, хөтөлгөөтэй авч явч сурах чухал. Бас нохойгоо хэзээ ч хараа хяналтгүй бүү орхиорой. Мөн иргэд аялал зугаалгаар явах, малчид мал бүхий иргэд отор нүүдэл хийх, малд явах үедээ анхаарал алдаад байна. Энэ үед сэрэмж алдсанаас болж өнгөрсөн сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт отор хийж явсан айлын 12 настай хүү гэрийнхээ гадаа унтаж байгаад галзуугийн сэжигтэй чононд уруулсан тохиолдол гарч байсан. Тэр хүүхэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр малд явуулахгүй байх зэрэгээр өөрсдийн болон хайртай дотны хүмүүсээ аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал. 

-Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдолд яах ёстой вэ?

  • Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар савангийн уусмалаар хөөсрүүлэн 15 орчим минутын турш угааж, 5%-ийн иодын уусмалаар арчиж, цэвэрлэх;
  • Яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж галзуугийн эсрэг вакцин, ийлдсийг бүрэн тунгаар тариулах;
  • Эзэнтэй нохойд ууруулсан тохиолдолд нохойг 10 хоног уяатай байлгаж ажиглах, эзэнгүй нохойг засаг захиргаа, мал эмнэлгийн байгууллагад мэдээлж устгуулан лабораторийн шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
  • Галзуугийн сэжигтэй зэрлэг ан амьтанд ууруулж, ноцуулж шүлсдүүлсэн тохиолдолд нэн яаралтай эрүүл мэндийн байгуулагад хандаж цаг алдалгүй эрүүл мэндийн тусламж авах, тухайн орон нутгийн захиргаа, мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх