АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар Ханой хотод дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ зөвшилцөлд хүрч чадаагүй нь харилцан итгэлцэл дутсантай холбоотой гэж Хятадын шинжээч үзэж байна.

Хориг арга хэмжээг цуцлах асуудал нь зорилгодоо хүрэх замд нь учирсан саад бэрхшээл болсон бөгөөд өндөр үнэ цэнээр тохиролцоонд хүрэхийг шаардсан учир талууд буулт хийхэд бэлэн биш байсан гэж үзэж байгаагаа Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх АНУ судлалын хүрээлэнгийн шинжээч Фань Жишэ илэрхийлсэн байна.  

“Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээр байгуулах асуудалд талууд ихээхэн нааштай хандсан байж магадгүй хэдий ч харилцан итгэлцэл урьдын адил дутсан нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хориг арга хэмжээг цуцлах болон бусад асуудлыг шийдвэрлэх үйл явцыг ихээхэн ярвигтай болголоо” хэмээн тэрбээр ярьжээ.

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолтой холбоотой авсан хориг арга хэмжээг цуцлах асуудал нь Д.Трамп, Ким Жөн Ун нарын хооронд үндсэндээ санал зөрөлдөөн үүсгэсэн гэж Фань Жишэ үзэж байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС