Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв аймгийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.


Тавдугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар  түр зуур секундэд 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 5-10 градус, Хүрэнбэлчир оряим, Завхан голын эх, Байдраг голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө эрс сэрүүсч 6-8 градус дулаан байна.

2008 оны 5 дугаар сарын 26-27-нд дээр дуурдсан аймгуудаар үүнтэй ижил цаг агаарын үзэгдэл болжээ. Энэ үеэр 52 хүн амиа алдаж, 324.000 мал хоргодож, холбоо болон эрчим хүчний 668 шон унаж, 100 гаруй байшингийн дээвэр, гэр нурсан байна.

- Иймд иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

- Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.