Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.­­


Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 10 дугаар сарын 19-ний 20 цагаас 10 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

 

2019 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.