Мексикийн хар тамхины томоохон мафийн толгойлогч Хоакин (Эль Чапо) Гусман бол дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, 61 настай, чанга дэглэмтэй шоронгоос хоёр удаа оргож байсан тэрбээр эхлээд 13 жилийн хорих ял авсан. Тухайн үед Эль Чапо  оргож, Эмма Коронелийг 18 нас хүрэхэд нь гэр бүл болжээ. Түүнийг 2014 онд Мексикийн далайн эргийн амралтын газар хатагтай Коронельтэй амарч байхад нь дахин баривчилсан. Өнгөрсөн оны долоодугаар сард Эль Чапо шоронгоос дахин оргосон ч зургаан сарын дараа шоронгийн хаалга татлаа. 

Англи, Испани хэлээр гардаг “Телемундо” телевизийн сэтгүүлч түүний гэргий Эмма Коронельтэй уулзан Эл Чапотой өнгөрүүлсэн амьдралынх нь талаар ярилцжээ. Түүний ярилцлагаас “BBC” агентлаг Эл Чапогийн талаар цуу яриаг нотлох, үгүйсгэх таван баримт сонгон толилуулж байна.

1. Эль Чапо амьдралынхаа түүхээр кино бүтээлгэхийг хүсдэг.

Гусманыг баривчилснаас нэг өдрийн дараа Холливуудын жүжигчин Шон Пенн “Rolling stone” сэтгүүлд Эль Чапотой ямар ажлаар, ямар шугамаар уулзсан талаараа дэлгэсэн байна. Тэднийг Мексикийн жүжигчин Кэйт Дель Кастильо уулзуулсан аж. Мексик гаралтай эрх баригчдын нийтэлсэн захидлуудаас үзвэл, Хоакин Гусман өөрийн амьдралыг кино хальсанд үлдээх зорилгоор Шон Пеннтэй уулзжээ. Коронель, “Бид танилцсан цагаас хойш Эль Чапо жүжигчин Шон Пеннийн талаар ярьж байгаа. Тэр амьдралынхаа үнэн түүх, бусдын олж хараагүй Эль Чапогийн төрх зэргийг өөрийн өнцгөөс харуулахыг хамгийн их хүсдэг” хэмээв.

2. Эл Чапо хүмүүсийг өөртөө итгэлтэй болгодог.

Хатагтай Коронель 2006 онд 17 настай байхдаа нэгэн үдэшлэгийн үеэр Гусмантай танилцжээ. Тэрбээр найз залуутайгаа бүжиглэж байгаад Эль Чапотой харц тулгарсан байна. Эмма Коронель “Тэр найзын хувьд надад өөртөө итгэх итгэл өгсөн. Би Гусманыг хүнд уурлаж байхыг эсвэл сайхан чанараа гээхийг хэзээ ч хараагүй” гэв. Энэ талаар жүжигчин Кэйт дел Кастилло ч сэтгүүлчдэд өгүүлсэн. Мексикийн мөрдөгчдийн дэлгэсэн захидлуудад Гусман жүжигчин бүсгүйг өөрийн байгаа нуувчид ирэхэд аюулгүйг сануулсан байжээ.  Тодруулбал “Та бол хамгийн гайхалтай эмэгтэй. Би таныг нүдний цөцгий мэт харж хандах болно” гэсэнд Кэйт дел Кастилло хариуд нь “Намайг харж хандана гэсэнд чинь баярлалаа. Надад өмнө нь хэн ч ийм үг хэлж байгаагүй” хэмээсэн байна.

3. Эл Чапо онгироо хүн биш


Хатагтай Коронель өөрөөс нь 26 насаар ахмад хүний юунд нь татагдсан талаар асуухад, “Эль Чапо надад үнэтэй бэлэг сэлт өгөөгүй. Түүний ярьж байгаа нь миний сэтгэлийг булаасан. Тэр өөрийн үйлдлээрээ бусдыг татдаг хүн. Маш найрсаг, хүмүүсийг угтан авч, нээлттэй ярилцдаг” гэжээ. Эль Чапо, Эмма Коронель нарын хуримын ёслолд улстөрчид очиж, сүр дуулиантай найрласан гэх хэвлэлүүдийн мэдээллийг тэрбээр няцааж “Зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ даруухан ёслол үйлдэж гэр бүл болсон. Эль Чапог улстөрчтэй уулзахыг би харж байгаагүй” гэсэн байна. Хоакин Гусман даруухан хүн болохоор хос хоёр бал сарын аяллаар гадаадад зугаалаагүй ажээ. Энэ нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсантай огт холбоогүй гэв.

4. Эл Чапогийн эхнэр хартай хүн биш

Хоакин Гусман жүжигчин бүсгүйтэй харилцсан захидлыг хэрхэн хүлээж авсан тухай “Телемундо” телевизийн сэтгүүлч Анабель Эрнандес асуухад хатагтай Коронель “Юу ч бодоогүй. Би тэднийг огт хардаагүй, би Кэйтийн ур чадварыг үнэлдэг” хэмээжээ. Шоронгийн харгалзагчид Эмма Коронелийг нөхөртэйгөө уулзаж болохгүй гээд Алтипланогийн хорих ангийн үүднээс буцаасан. Учир нь Эль Чапо хуучин эхнэрээсээ салсан гэх баримт байхгүй аж.

5. Эл Чапо бусдын адил хүн

Ярилцлагын үеэр хатагтай Коронель Эль Чапог тун энгийн хүн гэдгийг олон удаа хэлжээ. Тэрбээр “Хоакинд сургууль биш амьдрал багшилсан, тиймээс ч тэр их ухаалаг” гэсэн байна. Эмма Эль Чапотой гэр бүл болох үедээ түүний ямар ажил хийдгийг мэдээгүй, хар тамхи тээвэрлэдэг гэдэгт одоо ч итгэдэггүй аж. Эль Чапо өөрийн бага нас болон хар тамхины хэрэгт хэрхэн холбогдсон талаараа ярьж буй бичлэгийг “Rolling stone” сэтгүүл өнгөрсөн сард олонд дэлгэсэн. 

Энэхүү бичлэгийг Шон Пенн, Кастилло нарт зориулж хийсэн учир “Rolling stone”-д очих ёсгүй байсан, тэгсэн байлаа ч эвлүүлэг хийж, зарим зүйлийг хасах хэрэгтэй байсныг онцоллоо. “Хүмүүс Эль Чапог яагаад цусанд улангассан хүчирхийлэгч гэж боддогийг би ойлгодоггүй. Түүний талаар ийм зүйл ярина гэдэг шударга бус. Тэр ямар ширээнд суух, юу идэхээ тоодоггүй, маш энгийн хүн” хэмээсэн байна.