Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсад хууль бусаар хар тамхи оруулж ирсэн Нигерийн иргэд болох Азеез, Дон болон Монгол Улсын иргэн Н.Ариунзул нарын шүүх хурал өнөөдөр /2019.11.08/ 13:30 цагаас болно.

Сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь 500 сая төгрөгийн хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчилсан. Тодруулбал, түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан юм. Ингээд зогсохгүй энэ хэрэгт Нигери улсын иргэн Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эрэгтэй, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэйг холбогдуулан шалгаж байна.

Дээрх иргэдэд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 20.7-2 буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх зүйл ангиар ялын дүгнэлт үйлдэн ирүүлээд байгаа юм. Шүүхээс гэмт буруутай гэж үзсэн тохиолдолд найм хүртэлх жилийн хорих ял эдлэнэ.