ЛОНДОН. /Daily Mail/. Хар шоколадыг бага хэмжээгээр хэрэглэх нь сэтгэл санааны гүн хямралд автах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг гэсэн дүгнэлтэд Их Британийн хэсэг бүлэг эрдэмтэн хүрчээ.

Лондон хотын их сургуулийн мэргэжилтнүүд 13 мянга гаруй хүнийг оролцуулсан санал асуулга явуулжээ. Шоколадны хэрэглээ болон сэтгэл санааны гүн хямралын холбоо хамаарлыг олж илрүүлэхэд мэргэжилтнүүд гол анхаарлаа хандуулжээ. Ингэж судалгаа авахдаа мэргэжилтнүүд санал асуулгад оролцогчдоос амттаны төрөл, хэмжээ болон сэтгэл санааны байдлынх нь талаар асуулт тавьжээ. Түүнчлэн биеийн хүчний идэвхтэй байдал болон тамхи зэрэг хорт зуршлын хүчин зүйлүүдийг судалгаандаа оролцуулсан байна. 

Хар шоколаданд дурлагсад тус бүтээгдэхүүнийг огт хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад сэтгэл санааны хямралд илүү бага өртдөгийг судалгааны дүн харуулжээ. 

Хоёр хоногийн хугацаанд хар шоколад идсэн хүмүүсийн сэтгэл санааны гүн хямралд өртөх магадлал 70 хувиар бага байсан аж. Эрдэмтдийн цохон тэмдэглэж байгаагаар, зөвхөн какаоны өндөр агууламжтай шоколад ийм үр дүн үзүүлсэн байна. 

Өмнө нь магни, цайр болон өөр чухал бичил элементүүдээр баялаг хар шоколад болон улаан дарс нь хүний эрүүл мэндэд ашиг тустай байдгийг Польшийн эрдэмтэд илрүүлж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг