Пакистаны Карачи хотод 22 настай Дуа Мангийг зэвсэгтэй этгээдүүд хулгайлсан явдал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хачин жигтэй маргаан өрнүүлж байна.

Азид гэмт хэргийн тоогоор хамгийн дээгүүрт ордог тус хотод Дуа Мангийг үл мэдэгдэх этгээд хүч тулган энэ сарын 1-ний өглөө хулгайлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр түүний эгч Лайла Манги түүнийг хайж олох, олон нийтийн тусламж, дэмжлэгийг авахын тулд хулгайлагдсан тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлжээ. 


Лайла Дуагийн зургийг фэйсбүүкт байрлуулж, найз нөхөд, дагалдагч нараасаа анхаарал болгоомжтой байхыг хүссэн юм. Хамаатан садан нь мөн үүнтэй төстэй хүсэлтийг Twitter дээр тавьжээ.

Уг нийтлэл нь орон нутгийн удирдлагуудаас арга хэмжээ авахыг шаардсан хувь хүмүүс, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дэмжлэгийг удалгүй хүлээн авсан байна. Харамсалтай нь нийтлэл нь мөн Дуаг буруутгасан, хувцаслалтыг нь шүүмжилсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг цуглуулжээ. Ханцуйгүй цамц өмссөн нь халдагсадыг өөрөө “уриалан дуудсан” гэх зэргээр шүүмжилжээ. Хохирогчийг доромжилсон сэтгэгдлүүд нь сошиал хэрэглэгчдийг талцуулснаар маргаан болон хувирчээ. 

Орон нутгийн цагдаа нар тус маргаан мэтгэлцээнийг буруушааж байгаа ба мөрдөн байцаах ажиллагааг явуулахад улам хүндрэл учруулж байгаа гэжээ. Мөн BBC-д мэдээлэл өгсөн сэтгэл зүйчийн хэлснээр тус үйлдэл нь хохирогчийн гэр бүлд мөн сөргөөр нөлөөлж байна. 

Охиныг хайж олоход анхаарахын оронд яагаад тэр хулгайлагдсан бэ гэсэн маргаан болон хувирсан нь олныг эмзэглүүлж буй төдийгүй, тус сөрөг мэдэгдэл нь гэр бүлийнхэнд нь хүндээр тусаж буй аж.  Зарим тохиолдолд “олон нийтийн доромжлолоос зугтаахын тулд” цагдаад гаргасан иймэрхүү гомдлыг гэр бүлийнхэн нь буцаадаг байна. Одоогийн байдлаар мөрдөн байцаалт анхан шатны үедээ явж буй бөгөөд барьцаалан мөнгө нэхэмжлэх зорилготой байж магадгүй гэж таамаглаж байгаа ч албан ёсоор мэдэгдэл гаргаагүй аж.