Хүнд тус болох сайхан. Гэхдээ амь насыг аварч тус болно гэдэг мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй тус билээ. Тиймээс Самммт компьютер технологи ХХК-иийн PC mall дэлгүүрийн хамт олон цусаа хандивлах аянд нэгджээ. 

Тэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч нарыг урьж сайн үйлсийн аянд ийнхүү өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Энэ удаа 40 гаруй залуус цусаа бэлэглэсэн бөгөөд цаашид ч уг аянд идэвхтэй оролцохоо илэрхийллээ. 

Цусаа бэлэглэсэн залуусын нэг бол тус компанийн хүний нөөцийн ахлах менежер Э.Эринбилэг юм. Тэрбээр  энэ үеэрээ “Цусаа бэлэглэхийг хүсдэг ч цаг заваас шалтгаалан тэр бүр Цусны төвд очих боломж олддоггүй. Харин манай компанийн зүгээс Цусны төвийн эмч нарыг урьж цусаа бэлэглэх аяныг зохион байгуулсанд баяртай байна” гэсэн юм. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч нар Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүний амь нас аврах үйлсэд нэгдсэнд нь талархал илэрхийлж бусад компаниудыг ч тус аянд нэгдэхийг уриаллаа. 

Манай улсад өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой. Сүүлийн үед энэ хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж буй юм байна.