Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны гадаа сануулах жагсаалыг зохион байгуулж байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

Засгийн газар амлалтаасаа ухарлаа. Ирэх онд Засгийн газар иргэдийн цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөв баталсан. Гэхдээ НДШ-ийг нэмэгдүүлэхээр тэрхүү нэмэгдэл нь нэмэгдэл биш харин ч хорогдол болно. Үүнийг би биш эдийн засагчид, судлаачид тооцоо судалгаатайгаар гаргачихлаа. Иймээс төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих учраас цаг хугацаа байгаа. Төсвийг батлахдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. ХАБ эрүүл ахуйн зардлыг тусгасангүй. Үүний ард хүний амь яригдаж байгаа асуудлыг үл хайхарлаа. Эдгээр хууль бус шийдвэрийг МҮЭХ эсэргүүцэж байна. Бид энэ хуулийг батлагдахаас өмнө эсэргүүцэж албан бичиг өгч байсан ч үл тоосон.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнбат:

Капитал банкны дансанд нийгмийн даатгалын сангийн 110 тэрбум төгрөг бий. Эрүүл мэндийн даатгалын сангийн 130 гаруй тэр бум төгрөгийг огт төлөөгүй байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн алдагдал хэмээн яриад буй хөрөнгийг нэг хэсгийг банканд дарж, ашиглаж байна. Үүнийг сая гаруй хүн НДШ-ийн нэмэгдлээр төлөх ёстой боллоо. 600 тэрбум төгрөгийн алдагдал гэх мөнгө нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон 19 мянган цэрэг, цагдаагийн тэтгэврийг нөхөн олгож буй олговор юм. Үүнийг алдагдал хэмээн ойлгуулан шимтгэл нэмэгдүүлэх гэж байна.