Багш нарын цалин бага байна гэж үзэж буй нийслэлийн 12 сургуулийн багш нар өнөөдөр ажил хаялт зарласан. Үүнтэй холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Багш нарын цалинг нэмэх талаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид ярьсан. Засгийн газраас шаардсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлээгүй. Тиймээс багш нар үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу ажил хаялт зарлаж байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөл өнөө өглөө шуурхай хуралдаж, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ. 

Тус мэдэгдэлд МҮЭХ-ноос тавьсан цалин нэмэх талаарх шаардлагыг УИХ, Засгийн газар хэрэгжүүлэх, асуудлыг зөвшилцлийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх тухай асуудлыг тусгасан. Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Багш нарын цалинг 8-12.4 хувиар нэмнэ гэсэн. Ингэж салбаруудын цалинг ялгаатай нэмж буй нь цалингийн буруу тогтолцоог бий болгож байна.

Инфляфийн түвшин өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40 гаруй хувиар нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр цалинг 8 хувиар нэмчихээд "Цалин нэмсэн. Одоо болно" гэсэн байдлаар хандаж буй нь маш буруу үйлдэл юм" хэмээлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.