Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх үр дүнтэй 10 аргын нэг болох “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр болж байна.

Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. 1990 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол, 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт орж байна.  

Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3.9 дахин их бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.

2010 онд Монголын мянганы сорилтын сан-Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан.

Тиймээс тус уулзалтаар “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэрлэх юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын санаачилгаар халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д Улаанбаатар хот 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэгдсэн.