Эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ бүгд өөрсдийн гэсэн арга барилаар хүмүүжүүлдэг. Тэгвэл бид “Монтессорри” арга барилаар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа мөн түүнийгээ бусадтай харамгүй хуваалцаж инстаграм хуудас ажиллуулдаг нэгэн ээжийг урьж ярилцлаа. Тэр бол 2 хүүхдийн ээж, @themontessorisisters инстаграм пейжийн админ Д.Амартуул. 

-Монтессорри арга зүй гэж юу вэ?

-Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлэн 6 нас хүртлээ хүрээлэн буй орчныхоо бүхий л мэдээллийг шингээн авч төлөвшдөг. Энэ арга зүйг Италийн анхны эмэгтэй эмч, эрдэмтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч Мариа Монтессори олон жилийн ажиглалт судалгааныхаа үндсэн дээр олж тогтоон "Монтессори" арга зүй хэмээн өөрийн нэрээр нэрлэсэн байдаг. 

Монтессори арга зүй нь дэлхийн хүүхдэд тохирох, тэдний хөгжилд хүчлэн оролцохгүй байж ажиглан зөвөөр дэмжих арга зүй юм. Тиймдээ ч уриа нь Follow the child буюу хүүхдээ дагах явдал. Хүүхдийг хүндэлж, тэдэнд сонголт өгч, танин мэдэх, судлах, суралцах боломж олгосноор хүүхэд өөртөө итгэлтэй, юу хүсч байгаагаа ойлгодог, бие даах чадвар сайтай, аливаа амьдралын чадвар өндөртэй хүүхэд болж төлөвшин хөгждөг.


-Энэ арга зүйг өөрийн амьдрал дээрээ хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Монтессори арга зүйг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь хамт амьдарч буй хүмүүсийн, ялангуяа асран халамжлагчийн хандлага байдаг. Учир нь энэхүү арга зүй нь зөвхөн материаллаг эд зүйлс биш юм. Харилцаа, орчин, амьдрах ухааны цогц. Анхны хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа монтессори арга зүйн талаар олж уншсан. Тухайн үед оюутан, боломж муутай байсан ч өөрсдийн боломжид тааруулаад орчныг бэлдэж өгч байлаа. 

Манай охин жижиг тоглоомын тавиур бас нэг жижиг ширээтэй. Эргэн тойрны бүх хүнд тайлбарлаж хэрэггүй олон хуванцар тоглоом авахаа байсан. Цөөхөн чанартай хэдэн модон тоглоом, ном, зургийн хэрэгсэл тэгээд болох нь тэр. Эцэг эхчүүд хүүхдээ уйдаахгүй гээд өнгө өнгийн олон тоглоом авч өгдөг.  Гэтэл хүүхэд уйдах нь буруу зүйл биш юм. Харин ч уйдаж байж тоглоомоо баяжуулж тоглодог, толгой нь илүү ажиллаж бүтээлч болж хөгждөг юм шиг санагддаг. Хамгийн гол нь тоглоомоо зөв сонгох нь чухал.

-Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ сатааруулахдаа гар утас өгөх нь элбэг болсон. Хүүхдийг хэрхэн бие даалгах ёстой вэ?

-Зарим эцэг эх хүүхдээ гэр орны эд хогшилдоо хүргэхгүйн тулд гар утас, зурагт үзүүлж, элдэв тоглоом өрж тойруулан тавьдаг. Энэ бол хамгийн буруу үйлдэл. Хүүхэд виртуал орчинд биш амьдарч буй гэр оронтойгоо танилцаж, эрхээ эдэлж үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хүүхэд гээд хэтэрхий эрхлүүлээд бие даах чадваргүй өсгөж болохгүй. Өөрийн нас биед тохирсон гэрийн ажлыг хийлгэж байх ёстой. Энэ бол амьдралын хамгийн чухал хичээл. Хоёр дахь охин маань тусдаа өрөөтэй, би ч туршлагажиж орчныг яг хүүхдүүддээ зориулан бэлдэж өгсөн. Бас л олон тоглоомгүй, энгийн өөрсдийн өндөрт тохирсон тавиур тавилгуудтай. Тэндээ сонголт хийж бие даан тоглож, хичээллээд завгүй суудаг.  Өрөөнөөс гарсан ч ямар нэгэн үйлдэл хийхэд төвөггүй бие даан хийж чадахаар шийдэж өгвөл хүүхэд заавал ээж ааваас туслалцаа хүсэхгүйгээр өөрөө бүх зүйлээ хийх боломжтой. Жишээ нь бие засах, гар нүүрээ угаах, өөрөө усаа аягалаад уух, өөрөө хооллох,тавиур дээрээс өөрөө тоглоомоо авж тоглочихоод буцаагаад хураах зэргийг хүүхэд ганцаараа бие даан хийх боломжтой.


-Та сошиал хуудсаараа дамжуулан хүүхдийн хөгжлийн талаар өөрийн хүүхдүүдээрээ дамжуулан бусдад хэрэгтэй мэдээллүүдийг хүргэдэг. Эцэг эхчүүдэд ямар зүйлийг хэлмээр санагддаг вэ?

-Би анх ээж болоод хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар ямар ч ойлголтгүй байсан. Үүнээсээ алдсан, сурсан зүйл их бий. Харин хоёр дахь охин дээрээ туршлагажиж, их ч юм уншиж хэрэгжүүлсэн. Өөрийнхөө олж мэдсэн, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхийг хүсдэг бүхий л зүйлсээ бусад ээжүүдэд ч мөн хэлж өгөхийг маш их хүсдэг. Тийм учраас зүгээр л нэг өдөр инстаграм хаяг нээгээд пост оруулж эхэлсэн. Миний хүүхэдтэй хөл нийлүүлэн нэг нийгэмд алхах бусдын үр хүүхэд ч мөн зөв хүн болж төлөвшихөд нөлөөлөөсэй гэж хүссэн. Миний хүүхдийн ирээдүйн хань нөхөр, сайн найз болох хүмүүс тэдний дунд бий. Тэднийг сайн сайхан зөв өсөж хөгжихөд тус дэм болохыг хүсдэг.


-Хүүхэд хүмүүжүүлэх арга барилд хамгийн чухал, анхаарах зүйл нь юу байдаг вэ?

-Хүүхэд хүмүүжлийн олон арга барил бий. Авахыг нь аваад гээхийг нь гээгээд л явдаг даа. Энэ дундаас хамгийн зөв арга бол хүүхэдтэйгээ сайн ярилцаж, мэдэрч, тэднийг сайн ажиглаж дагаж, бүх зүйлийг эхлээд хүүхдийн өнцгөөс харж байх нь чухал юм болов уу. Хүүхэд бүхэн дахин давтагдашгүй, онцгой, өөр, бас тэд төгс биш учраас ертөнцийг  нь хүндлэх хэрэгтэй.


-Аав, ээжүүдэд зориулсан өдөрлөг зохион байгуулдаг гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Ээжүүдийнхээ асуулт, асуудал дээр ярилцан чөлөөт уулзалт хийдэг. Мэргэжлийн багш зөвөлгөө өгч, ээжүүд ч мөн туршлага солилцоод тулгардаг бэрхшээлүүдээ нээлттэй ярилцдаг. Онцлог нь хүүхэдтэйгээ ирж болдог. Бид сүүлд аавуудын уулзалт хийсэн. Аавуудын уулзалтыг хийхийг маш их хүссэн. Учир юу вэ гэвэл яг ээж л зөвхөн хүүхдийг хөгжүүлдэг хүмүүжүүлдэг нь гэсэн ойлголт Монголд төдийгүй дэлхий дахинд байдаг шүү дээ. Энэ хандлагаас болоод аав гэдэг хүн бүүр тэр хойно орхигдчихсон юм шиг санагддаг.

Хүүхэд юу хүсэж мөрөөддөг, өдөр тутамд ямар зан байдал, ямар асуудалтай байгаа, ээж хүүхэд  ямар их сэтгэл зүйн болон оюуны ачааллуудыг даван туулж байгааг аавууд төдийлэн мэддэггүй. Уг нь энэ бол гэр бүлийн хамгийн анхаарч анзаарах ёстой зүйлс боловч хөндийрчихсөн явдаг. Яг үүнээс улбаатай гэр бүлийн маргаан зөрчилдөөн ч их үүсдэг юм шиг санагдсан. 

Тиймээс аавууд ч гэсэн гэр бүлийн бүх зүйлд эрх тэгш оролцох эрхтэй. Тэд ч гэсэн хүүхдийн хөгжил хүмүүжилд анхаарал тавих үүрэгтэй. Гэвч нэг л учраа олохгүй яваа юм билүү гэж бодогдсон.Тиймээс аавуудад боломж олгож аавуудыг сонсмоор, аавуудад зөвлөмөөр байсан. Уулзалт ч амжилттай зохион байгуулагдаж олон аавууд ирээд маш хөгжилтэйгээр туршлага солилцоод, олон зүйлийг сонсоод мэдээд явсан. Үнэхээр бахархмаар аавууд зөндөө бийг бас мартаж болохгүй.