Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг Дорнод аймагт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ “Монгол дайчдын хөшөөн”-д цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэлжээ. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхголын ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон агентлаг, хэлтэс, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, ахмад дайчид, иргэд цэцэг өргөх үйл ажиллагаанд оролцсон байна.
Монгол дайчдын энэхүү сүрлэг хөшөөг Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Халхголын хэсэгт Японы түрэмгийлэгчдийг бут цохисон түүхэн Ялалтын 50 жилийн ойд зориулан 1989 оны 7 дугаар сард босгосон түүхтэй юм. Мөн өнөөдөр Халхын голын дайнд сайн дураараа оролцсон Дорнод аймгийн Баяндун сумын 16 бүсгүйн ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь хүндэтгэлийн жагсаалд оролцжээ.