Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд коронавирус хурдацтай тархаж Австри, Хорват зэрэг улсад шинээр бүртгэгдсэн мөн Италид нас барсан тохиолдол 2-оор нэмэгдсэн гэдгийг дуулгалаа. Тархвар судлаачид Италитай залгаа мужаас нь илэрсэн гэж үзэж байгаа аж. Сүүлийн 3-4 хоног коронавирус эрчимтэй тархаж буй БНСУ-д цагийн өмнө авсан мэдээгээр халдварын тохилдол 977 болж нэмэгдсэн гэв.

Манай улсын хувьд "Төв аймгийн Цээл суманд БНСУ-аас ирсэн иргэн халуурсан учраас тусгаарлаад шинжилгээ авсан. Баян-Өлгий аймагт гадаадаас ирсэн нэг иргэн халуурсан. Түүнийг тусгаарлаад, хамт ирсэн хүмүүсийг нь ажиглалтад аваад явж байна" гэлээ.

ЭМЯ-аас бас нэгэн мэдээллийг иргэдэд онцлон хүргэлээ. Учир нь зарим иргэд мэдээллээ буруу өгсөн тохиолдол гарчээ. Тухайлбал халдвар гарсан Дэгү хотод сурдаг хэрнээ очоогүй гэж мэдүүлсэн ч фэйсбүүк хуудастаа зургаа оруулсан зэрэг зөрчил илэрсэн тул эдгээр иргэдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Иймээс иргэд өөрсдөө ухамсартай хариуцлагатай байхыг санууллаа. Хэрвээ энэ иргэний үйлдэл нотлогдвол хуулийн хариуцлагаа хүлээх журамтай юм. 

Мөн зарим иргэд хилийн боомтоо өөрчилж, орж ирэх болжээ. Жишээ нь, Сөүлээр ирэх байсан иргэд иргэдийг тусгаарлах мэдээллээр ОХУ-аар дамжаад Алтанбулагаар орж ирэх гэж байгаа мэдээлэл ирсэн гэлээ.

Монгол Улс энэхүү аюултай халдварыг оруулахгүйн тулд бүх ажлыг хийж өрнүүлж, хичээл зүтгэл гаргаж байгаа ч энэ мэт хариуцлагагүй иргэдээс болж хохирол амсах аюултайг Солонгосын тохиолдол бидэнд батлан харуулсан билээ.