Хакүхо аварга М.Даваажаргал өчигдөр даваагаа  авч сүмо бөхийн түүхэнд 3 түүхэн амжилтын эзэн болж чадсан билээ.

Тэрбээр дээд зиндаанд 1000 даваа, аки башё буюу 9 дүгээр сарын башёд  7 дахь түрүүгээ авсанаар 41 буюу хамгийн олон түрүүлсэн сүмоч болжээ. Мөн 11 жилд  тасралтгүй түрүүлсэн буюу жилд 6 башёны аль нэгэнд түрүүлсэн амжилтаараа түүхэн дээд амжилтыг тогтоосон байна.

Тэрбээр өчигдөр 1000 дахь даваагаа авсныхаа дараа "Ирээдүйд сүмочдод том зорилго болох замыг гаргаж өгсөн байх аа гэж бодож байна" хэмээн ярьсан юм. Өмнө нь тэрбээр 33 дахь түрүүгээ авахдаа "Тайхо аваргын 32 түрүүг давж ачийг нь хариулж чадсандаа баяртай байна. 13 дахь өдөр түрүүлчихсэн учраас үзэгчдээсээ уучлалт гуйя. 15 өдөр нэг ч өдөр амралгүй зүтгэсэн. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас ийм амжилтад хүрлээ гэж бодож байна" хэмээн ярьж байсан билээ.