Энгийн иргэд бидний өмнө үнэтэй гэх зүйлс юу билээ гэж асуувал хүн болгон л эх орон, төрсөн нутаг, гэр бүл, хайр сэтгэл, эрүүл мэнд, ёс суртахуун, эд хөрөнгө гээд л янз бүрээр л тодорхойлж хэлэх байх. Гэхдээ бидэнд хамгийн үнэ цэнтэй зүйлсээ эрэмбэлвэл эх оронч үзлээс үүдэлтэйгээр эх орон, тусгаар тогтнол, эв нэгдэл гэж хамгийн түрүүнд сорчлон хэлнэ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд өрнөсөн Засгийн газрын итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр бидний итгэл үзүүлж, төр эрх барьж буй төрийн дээд өндөр албан тушаалтнуудын хувьд үнэт зүйлс нь юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй л бодогдож үүнийг тэднээс асуумаар санагдлаа. Үнэтэй байх зүйлсийн байр солигдоход үр дагавар нь сөрөг гарах нь дамжиггүй. Төрийн дээд эрхийг барьж буй Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэхүү заалт дахь ард түмний элч гэдэг үгийн үндсэн хуулийн үндсийг хайя. 

Ард түмэн гэдэг тухайн улсын иргэд. Үндсэн хуулиар ард түмний элч болох үндэслэлийг дурьдвалМонгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн эрх барих төлөөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Ард түмэн сонгуулиар төрийг удирдах байгууллагыг сонгох өөрөөр хэлбэл ардчилал хэрэгжиж буйн нэг хэлбэр юм.

Бүүр тэртээ III-IV зуунд төрийн түшээ хүн ямар байх ёстойг  сануулж л байсан байна шүү дээ.

                             Бат шулуун цавгүй модоор 

                             Тулгуур хийсэн сүм бөх

                             Сод ухаант гэмгүй хүнээр

                             Түшүүр хийсэн төр бат.  /Вишнү Шарма /

Сонгох эрхээ нэр хүндтэйгээр, дараа нь харамсахгүйгээр хэрэгжүүлэхэд сонгогчийн боловсрол чухал. Хууль тогтоох байгууллагад хэнийг сонгохыг сайн бодож, дүгнэлт хийж сонголтоо өгч байх хэрэгтэй. 

Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэсэн заалтаас иргэний болон улсын ашиг сонирхол гэдгийг эрэлхийлье. Ашиг сонирхол гэж юу вэ? Үгсийн тайлбараас эхлэе. Ашиг сонирхол гэдэг бол хүсэл зориг, эрх ашиг гэж тайлбарлажээ/ Я. Цэвэл / 

  1. Нийт иргэний ашиг сонирхол: Нийт иргэн гэдэг ард түмэн бид.  Бидний ашиг сонирхол юу юм бэ?  Олон тайлбар өгч болох ч бидний туйлын хүсэл, эрх ашиг бол хууль дээдлэж, шудрага ёсыг эрхэмлэсэн,  эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон бусад үндсэн эрхийг баталгаатай хангах төртэй, өөрийн эх орондоо эрхэмсэг амьдрах хүсэл биш гэж үү? Өөрөөр хэлбэл улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг дотоод гадаадаас нөлөөлж болохуйц хүчин зүйлүүдээс өөрийн чадал хүрэх хэмжээнд хамгаалж, эрх чөлөөтэй оршин хөгжих нь ард түмний язгуур ашиг сонирхол мөн. Үндсэн хуулийн эрхэм зорилгод дурьдагдсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлж, ийм нийгэмд амьдрахыг хүснэ бид.

Сайхан амьдралын эхлэлд төрийн оролцоо хэрэгтэй гэдгийг бусад улс орны хөгжил, цэцэглэлтээс харж болно. Усан доогуур метро явж, хиймэл оюун ухаант робот телевизийн хөтлөгч хийх гэх мэтээр технологийн хөгжлийн 4 дүгээр зуунд амьдарч байгаагаа харуулж байна.  Дэлхийн ихэнх улс оры хөгжлийн чиг хандлага эцсийн эцэст хүний сайхан амьдралын төлөө л чиглэгдэж, үндсэн хуулийнх нь эрхэм зорилго нь хүрэх ирээдүйгээ тодорхой зураглан тэмүүлж, хүрэх гэж хүчтэй тэмүүлдэг нь харагддаг.

Зорилго тодорхой, ирээдүйдээ итгэлтэйгээр урагшилмаар байна бид. Иргэд өөрсдийнхөө хөндөгдсөн эрхээ шударгаар хамгаалж чадах шүүхтэй, эрх мэдэл, суудал булаалцалдахгүй, оюунаараа уралдаж чадах төрийн түшээдтэй, иргэдийн төлөө нийгэм,эдийн засгийн амьдралаа удирдаж чаддаг Засгийн газартай, Эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүнтэй төр эхний ээлжинд хэрэгтэй байна. Нийт иргэний туйлын эрх ашиг эх орондоо эрхэмсэг нэгэн амьдрах хүсэл зоригтой л байгаа гэдгийг л уламжилмаар байна. 

Улсын ашиг сонирхолд  ямар үнэт зүйлс багтах вэ? 

“Улс”- ын гэх ашиг сонирхол - д ямар ашиг сонирхол багтах вэ? Энэхүү ашиг сонирхлыг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг хууль, баримт бичгүүдэд тусган хуульчлаж, хамгаалан бэхжүүлсэн.

Аливаа тусгаар улс өөрийн нэр, тодорхойлолтой байдаг. [1] Түүнийгээ Үндсэн хуулиар бэхжүүлэн тунхаглаж, түүгээрээ олон улсын хэмжээнд байр сууриа илэрхийлэн хамгаалдаг. 

“Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” Үндсэн хууль дахь тодорхойлсон заалтаас харвал: 

  • Тусгаар тогтносон
  • Бүрэн эрхт
  • Бүгд найрамдах улс гэсэн улсын гурван гол шинжийг нэрлэсэн байна.

Улсын тусгаар тогтнол гэдэг нь бүрэн эрхт байдлаа хамгаалах баталгааг хангаж, хүчин чадлыг ямагт нэмэгдүүлж, ард түмэн эв нэгдлээ бэхжүүлэх ойлголт мөн.

Улсын бүрэн эрхт байдал бол дотоод, гадаад бодлогоо хэнээс ч хараат бусаар тодорхойлж хэрэгжүүлэх чадамж.   Улс төрийн удирдлагын хэлбэрийн хувьд Монгол Улс нь парламентын Бүгд найрамдах улс юм.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийт иргэний болон улсын ашиг сонирхлын талаар тусгасан эсэхийг харъя. Үндэсний язгуур ашиг сонирхол гэх ойлголтоор хуульчилсан байна. “Үндэсний аюулгүй байдал” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

“Үндэсний язгуур ашиг сонирхол”-д

✔Монгол Улсын тусгаар тогтнол, 

Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал

Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох

Үндэсний эв нэгдэл, 

Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, 

Эдийн засгийн тогтвортой

Экологийн тэнцвэрт хөгжил багтана хэмээн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд заасан байна. 

Тухайн улс оршин байх нөхцөлөөс гадна тухайн үндэстэн оршин байх бусдаас ялгагдах соёл, иргэншил, эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байх мөн үндэсний эв нэгдэл нь нийт иргэний ашиг сонирхолд тулгуурлагдан тусгагдсан байна. 

Хамгийн хөндөгдөх асуудал “Үндэсний эв нэгдэл” энэ бол Монгол Улсын оршин тогтнох аюулгүй байдлын дотоодоос нөлөөлөх хүчин зүйл билээ. Нэг нэгийгээ намнан тэмцэлдэн, сөргөөцөлдөх улс төрчдөд үүнийг сануулахад илүүдэхгүй санагддаг. Мөн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалаас улсынхаа гадаад бодлогод баримтлах улсын ашиг сонирхлыг харж болно. Үүнд Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлана. 

Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь: 

  • дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж,
  • улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 
  • олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн хэмээсэн бөгөөд өмнө дурьдсан Үндэсний ашиг сонирхолд тулгуурласан  байна. 

Хамгийн чухал асуудлыг бид эв нэгдэлтэй байж, дэлхийн жишигт нийцсэн хөгжлийн хандлагад бодлого, зорилгоо чиглүүлж, нийт иргэн, улсын ашиг сонирхолыг урдаа тавьж байж бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгана.

“Улсын” гэх ашиг сонирхлыг эрэлхийлсний эцэст  эрүүгийн эрх зүйн хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоос сонирхвол бүр тод харагдана. Эрүүгийн хуулийн “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Арван есдүгээр бүлгээсхамгаалагдсан  ашиг сонирхлыг тодруулъя.  Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадал, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдэл, монгол улсын төр, засаг, монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн хүчин чадал, Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламж, Үндэсний эв нэгдэл, Төрийн нууц, Монгол Улсын хил, иргэний харъяалал ... энэхүү ашиг сонирхлуудыг жагсааж үзвэл “Монгол Улсын” минь гэх тодотголтой ашиг сонирхлын  жагсаалтыг харж болно.  

Эцсийн эцэст нийт иргэн, улсын ашиг сонирхлын давхцсан ашиг сонирхолыг дурьдвал тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл гэсэн ашиг сонирхлууд байгаа нь тодоос тод харагдаж байна. Иймээс эдгээр ашиг сонирхлуудыг хамгийн түрүүнд тавьж, эрхэмлэж, хамгаалах ёстой.

Үндсэн хуулийн 

  • Ардчилсан ёс
  • Шудрага ёс
  • Эрх чөлөө, тэгш байдал
  • Үндэсний эв нэгдлийг хангах
  • Хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлах ёстой.

Үнэт зүйлсээ албан тушаалынхаа хувьд хариуцлагатайгаар ухамсарлаж, дээр дурьдсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимаа удирдлага болгон ажилладаг байгаасай гэж ард түмэн хүсч байгаа шүү.

Ашигласан материал:

[1]Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ., 2008 он. 50 дахь тал.

[2]Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн эрх зүй.УБ., 2007 он. 62 дахь тал.