“Уухай” хөдөлгөөний гишүүн, банк санхүүч - эдийн засагч, “MasterСard” олон улсын төлбөр тооцооны компанийн Монгол дахь зөвлөх З.Хайдартай ярилцлаа.


-“Уухай” хөдөлгөөний залуусыг нэгтгэж буй үнэт зүйлс юу вэ?

-Хээл хахууль, авлига, ядуурал, ёс зүйн болон ухамсрын доройтол сүүлийн хэдэн жил газар авсаар л байна. Монгол Улс авлигадаа бүрэн идэгдчихээд байгааг хүн бүхэн л мэднэ. Ядуурлын түвшин гэхэд хүн амын 25 хувиас дээш байсаар 20 гаруй жилийг үджээ. Ардаа түмэнд асуудал дагуулсан энэ бүх нийгмийн гажуудалтай эрх баригчид нь эвлэрч, ард түмэн ч дөжирч байна. 

Манай “Уухай” хөдөлгөөн бол энэ гажуудалтай тэмцэхээр нам, улс төрийн хүчин, хувийн эрх ашиг болон амбицыг үл харгалзан нэгдсэн залуусын нэгдэл юм. Анх 40 хүнээр эхэлсэн бол маш богино хугацаанд олон хүний дэмжлэг авчихлаа. Цаашид ч дэмжигсдын тоо нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй. 

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оноос хойш буюу өнгөрсөн 30 жилд бид амжилт олонтой ч цөөнгүй алдаа гаргасан. Гэхдээ өнгөрснөөрөө амьдрах хэрэггүй, ирэх 30 жилийн зорилго, зорилтуудаа тодорхойлж шинэчлэл хийх цаг нь ирсэн. Учир нь улс орны эрх ашиг аль нэг намын амбицаар хязгаарлагдахгүй, харин ч хамтраад шийдлээ олоход залуус бид нэгдэж дуу хоолойгоо өргөж, түүчээ нь болох цаг нь иржээ. Тиймээс хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьж бид нэгдсэн юм. Манай залуус өөрийнхөө цаг заваа олон нийтийн эрх ашгийн төлөө зарцуулаад явж байгаагаар нь бахархдаг. Харамсалтай нь одооноос эхлээд цүнх баригч, попорчид гээд цоллуулаад эхлэв. 


-Таныг Сүхбаатар жанжны удмын хүн гэж таныг дуулсан?

-Сүхбаатар жанжины ганц хүү Галсан аав маань нь миний ээжийн өвөө нь юм. Тэгэхээр би Сүх жанжины дөч нь.


-"Уухай" хөдөлгөөнөөр танигдан улс төрд хөл тавьж байна гэж ойлгож болох уу?

-Улс төрийн ажил гэдэг тийм их хүсэх зүйл мөн гэж үү? Удам сударт маань улс төрөөр замнасан хүмүүс байдаг учраас зовлон, хүндрэлийг нь би тодорхой хэмжээнд мэднэ.

Миний өвөө социалзмын үед 40-өөд жил улсаа гадаадад төлөөлж явсан Онц бөгөөд бүрэн эрх элчийн сайд цолтой, Гадаад хэргийн яамны сайд Мангалын Дүгэрсүрэн гэж хүн байсан. Ээж маань Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа гэж олон жил төрийн албанд ажиллаж, дараа нь улс төрд хүч үзсэн, нийгмийн зүтгэлтэн хүн бий. Улс төрийн ажил өөрийгөө бусдын төлөө мартах, тэвчээр, зориг, золиос шаарддаг ажил юм билээ. Үнэхээр энэ бүхэнд бэлэн, өөртөө итгэлтэй хүмүүсийг улс төрд орох нь зөв гэж боддог. Манай хөдөлгөөнийхөн дунд улс төрөөр замнах хүмүүс байгаа. Яагаад болохгүй гэж. Миний хувьд улс төрд орох, УИХ-д нэрээ дэвшүүлэх амбиц одоогоор алга. “Уухай” хөдөлгөөнөө дэмжиж өөрийн туршлагаа хуваалцахаар нэгдээд явж байна. 

-Өнөөгийн улс төрчдөд танай үеийнхэн ямар дүн тавих бол ?

-Үнэнийг хэлэхэд улс төрчид маань “мөнгө” гэдэг өвчин тусчихлаа шүү дээ. Та бүхэн харж байгаа шүү дээ. Анх улс төрд орсноосоо хойш хөрөнгө чинээгээ хэд дахин нэмсэн хүн олон. Гэхдээ дахин шунасаар л байна. Ер нь эрх мэдэл болон албан тушаалын шунал гэдэг зүйлд хязгаар гэж байдаггүйг нийтээрээ харж байна. Монголын улс төрчид нийгмийн биш хувийнхаа эрх ашгийн төлөө л нэгдээд байна уу даа гэж би хардаг.


-Үүнийг яаж зогсоох вэ? 

-Тийм ч учраас хөгжингүй улс орнуудад улс төрчид, эрх баригчид албан тушаалаа урвуулан ашиглаж буй эсэхийг шалгах тогтолцоогоо сайжруулсаар ирсэн. Манайд хянах тогтолцоо байгаа ч улам бүр сайжруулах, боловсронгуй болгох хэрэгтэй. 

Жишээ нь дан ганц хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаад зогсохгүй орлогын цаад нарийн эх үүсвэрийг нь хянаж үзэх ёстой. Монгол жижиг шүү дээ, энэ чинь тэр УИХ-ын гишүүний компани гээд л бүгд мэднэ. Хамгийн их ашиг орлоготой компани улс төрчдийнх эсвэл тэд нартай нягт холбоотой байдаг нь нууц биш. УИХ-ын гишүүд дотор бизнесмэнүүд олон бий. Хууль тогтоох ажлаа сайн хийж чадахгүй байгааг бид хангалттай харлаа, одоо тэд бизнесээ л хийсэн дээр гэж боддог. Бизнесмэнүүдээс гадна маш олон жил сонгогдож ирсэн гишүүд ч байна. Тэд ч бас хийдгээ хийчихсэн. 

Шуудхан хэлэхэд энэ улс орныг цаашид хөгжүүлэх боломжийг шинэ үеийнхэнд зоригтойгоор шилжүүлэх цаг нь болсон. 


-Тэд албан тушаалаасаа ч тийм ч амархан буучихна гэдэгт би лав итгэхгүй байна. Манайд үүнийг зохицуулах хуулийн тогтолцоо ч байхгүй шүү дээ?

-Би яг энэ талаар “Уухай” хөдөлгөөний гишүүн,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажилласан Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцаж байсан. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг л удаа сонгох өөрчлөлтийг Үндсэн хуулиар баталчихлаа. Тэгвэл яагаад УИХ-ын гишүүдийн УИХ-д суух хугацааг нь хязгаарлаж болоогүй юм. Парламентийн гишүүд өөрсдөө энэ тал дээр эргэцүүлж, 4 жилээр 2 удаа сонгогдох мэт хязгаар цаг хугацааны хязгаар тогтоох шинэчлэл хийх хуулийн төсөл яагаад өргөн барьж болохгүй гэж. 

Монголчууд ардчилсан тогтолцоонд шилжээнд 30 жил болчихлоо. Эргэж хараад юу олж авав, юун дээр алдав гэдгээ сайтар дүгнээд дараагийн 30 жилд яах ёстой юм бэ бодож тунгаах цаг нь ирчихэж.

Алсын хараатай л явахгүй бол энэ байдлаараа цаашид хөгжихгүй гэдэг нь дэндүү тодорхой. Урд хөршөө хар л даа. 70 жилийн дотор Хятадын эдийн засаг нь дэлхийд тэргүүлж байна. Урт хугацааны бодлого зорилт тавьж ирж ирсний л ач шүү дээ. Гэтэл бид байрандаа шахуу л байна. Юун алсын хэтийн бодлого, ердөө сонгуулийн 4 жилээр л амьдарч байна шүү дээ. Гэхдээ сууриа зөв тавьбал, боломж их бий. Уг нь бүх намууд улс орноо хөгжүүлье гэсэн үндсэн зорилготой ч хэрэгжүүлэх арга зам дээрээ л бүдрээд байна. Ямар ч нам засгийн эрх барьсан ч туйлбартай, тууштай, алсын хараатай бодлого барьж ажиллах хэрэгтэй. Ер нь хүн нэг газар удаад ирэхээрээ тухайн газраа гай болж эхэлдэг. 


-Ухамсарлаж улс төрд зайгаа тавьж өгөх шалтгааныг дурдахгүй юу?

-Ямар ч хүн хаана очих, юу хийх, хэзээ зогсохоо мэддэг байх ёстой гэж би боддог. Хэнд ч амьдралаа эргэн харж, өнөөдөр хүртэл юу хийснээ, цаашид юу хийж чадах вэ гэдгээ бодох үе ирдэг шүү дээ. Ялангуяа төрийн эрхийг барьж байгаа ахмад түшээд энэ талаар сайтар бодож үзэх ёстой. Яагаад гэвэл тэдний шийдвэр маш олон хүний амьдралд шууд нөлөөлдөг учраас аль болох өөрийгөө хөндлөнгөөс харж, анзаарч байх нь чухал. 

Харамсалтай нь манайд ийм ухамсар, ёс зүйн зарчим алга. Өнөөдөр дэлхий дахин маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэр их өөрчлөлтийг давах хүч, тэвчээр дараагийн шинэ үед л бий. Байгаль дээр ч гэсэн улирал ээлжлэн солигдож байдаг жамтай шүү дээ. Тийм учраас бид зөв өөрчлөлтийн төлөө явах хэрэгтэй.


-Магадгүй таны үзэл бодолтой санал нийлэхгүй, насаар гадуурхлаа гэх хүмүүс ч олон гарах байх?

-Нийгмээ эргэн тойрноо хар л даа. Нийгмийн бухимдал жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ бухимдлыг багасгахын тулд улс төрчид зоригтой шийдвэр гаргах цаг нь ирсэн. Дандаа аргалж, аргацаасан байдлаар зохицуулалт хийж хол явахгүй. Ингэж байтал гэнэт ямар нэг тэмцэл, хөдөлгөөн гарчих ч юм билүү, тааж хэлэхэд бэрх шүү дээ. 

Францчууд гэхэд түүхэндээ 5 удаа хувьсгал хийсэн ард түмэн. Манайхан харин ч тайван, тэвчээртэй хүмүүс шүү. Жилийн өмнө Францад шатахууны үнэ нэмэгдэхэд шар хантаазнууд яаж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ? Энэ жагсаал бараг жил шахам үргэлжилсэн, гэтэл манайд шатахуун үнэ нэмэгдээд л байна, улс төрчид нь олигтой тоодоггүй, ард түмэн нь дөжирчихсөн учраас хэсэг бухимдаад л намждаг. Гэхдээ энэ мэт бухимдлууд хуримтлагдсаар байгаа учраас хэзээ нэгэн цагт тэсэрч таарна. Тийм хүнд байдалд л хүрэхгүйгээр наана нь асуудлаа цэгцлэх ёстой гэж боддог. Магадгүй ийм хүнд байдлыг ямар нэгэн улс төрч эвгүйгээр ашиглачих ч юм билүү гэсэн болгоомжлол үе үе төрдөг. Тийм учраас одоогийн улс төрчид дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол өөр хүмүүст боломжийг нь олгох хэрэгтэй.


-Уг нь улс төрчдөд боломж олгож байгаа хүмүүс нь иргэд, сонгогчид бид шүү дээ…? 

-Тийм, эцсийн эцэст хариуцлагагүй улс төрчдийг сонгосон хүмүүс нь сонгогч бид юм. Бид улс төрчдөд эрх мэдлийг өгсөн, тийм учраас хэн нэгнийг муулахаасаа илүү сонголтоо эргэж харах цаг нь болчихлоо. 

Хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг дугуйлж буй тэр мөч л бүхэл бүтэн улсын хувь заяанд нөлөөлж байна гэдгийг ойлгочих л юм бол арай өөр, хариуцлагатай сонголт хийнэ гэдэгт итгэдэг.  Ядаж л 10-15 жилийн дараа ямар оронд, ямар нийгэмд амьдрамаар байгаа бодож байж сонголтоо хийгээсэй гэж хүсдэг.

Бидон сав, аяга, хэдхэн төгрөгөөр л зарим иргэдийн саналыг нь худалдаад авчихдаг нууц биш шүү дээ. Ингээд сонгуульд зарцуулсан зардлаа төрд орж хэд дахин нугалаад олж байгаа нь нууц биш. Зарцуулсан мөнгөө олж авахын тулд явж байгаа энэ үйл явцын цаана нийтийн эрх ашиг гэж зүйл өчүүхэн ч алга. Сонгогч нар өгөө авааны асуудалд анхаарал хандуулах биш тухайн нэр дэвшигч Монгол Улсын ирээдүйг хэр харж байгааг нь харж дүгнэн сонголтоо хийгээсэй. Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдэд Улаанбаатарын асуудал, зовлон ярьвал тэр хүн ойлгохгүй. Гэтэл тэр хүний санал Улаанбаатарт байгаа хүмүүст нөлөөлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ирэх сонгуулиар иргэд хандлагаа өөрчилж, өнөөгийн эрх баригчдад маш хүчтэй анхааруулга өгч чадна гэж найдаж байна. Ялангуяа залуус үүнийг анхаарах ёстой. 

-Бодит байдал дээр залуусын ихэнх нь саналаа өгөх тал дээр хойрго ханддаг. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Залуус саналаа өгөхдөө тухайн санал нь ямар үнэ цэнтэй гэдгийг төдийлэн ойлгохгүй байгаа учраас л хойрго хандаж байгаа хэрэг. Тэд боломж гарвал Монголоос явахыг, шуудхан хэлвэл зугтахыг хүсэж байна. Үнэндээ зугтах хамгийн амархан арга шүү дээ, тийз худалдаж аваад нэг тийш нисчихнэ. Тэгээд хэдэн жилийн дараа буцаад л ирнэ шүү дээ. 1990-д оны эхэнд үед 20, 30, 40-тэй байсан залуучууд буюу одоогийн ахмад улс төрчид ардчилсан хувьсгал хийсэн. Тийм учраас 1970, 1980, 1990, 2000 онд төрсөн залуус бид сонгуульд идэвхтэй оролцож, өөрийнхөө ирээдүйнхээ төлөө зоригтой хөдлөх цаг нь ирчихсэн.   


-Үүний цаана ёс зүйн асуудал яригдах нь ээ дээ? 

-Би Хойд Америкт хөгжсөн ууган спортын нэг лакроссыг Монголд хөгжүүлэхээр сүүлийн хоёр жил ажиллаж байна.  Багаараа тоглодог сонирхолтой спорт л доо. Японы лакроссын холбооны ерөнхийлөгчтэй танилцаж хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн. Надтай уулзахдаа “Хүн нэг газар удахаараа тухайн газраа илүү их зүйл бүтээнэ гэж боддог боловч амьдрал дээр эсрэгээрээ хөгжилд нь саад тушаа болдог. Тийм учраас би ажлаа өгөхөөр шийдсэн. Би ажлаа өгсөн ч өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцана” гэж хэлж байж билээ. Монголын улс төрд насаараа ажиллаж байгаа хүмүүс яагаад ийм ёс зүйтэй байж болохгүй гэж.

Манай улс төрийн орчны ялзрал үнэндээ ядуу буурай улсуудаас дээрдээд байх зүйлгүй дээ. Улс төрчид өөрсдөө хуулиа дээдлэхээ больчихоор ард түмэн нь яаж хандах вэ гэдэг нь дэндүү тодорхой. Үүнийг нь бизнесийнхэн ашиглаад явж байгаа. Өөрчлөлт хийх хэрэгтэй гээд байгаагийн шалтгаан л энэ. Эзэн Чингис хааны тухай хэдэн ном зохиолд түүнийг маш өндөр ёс зүйтэй хүн байсан гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байдаг юм билээ. Өөрийнхөө тогтоосон хуулиа хатуу мөрддөг, бусдаас ч хатуу шаарддаг, ингэснээрээ ёс зүйн хувьд үлгэр жишээ болж байж. Тийм ч учраас эзэнт гүрэн болж, дэлхийг байлдан дагуулсан. 


-Эдийн засагчаас энэ жилийн төсвийг асуухгүй өнгөрч болохгүй байх.  

Энэ жилийн төсөвт шуудхан хэлэхэд тааруухан үнэлгээ өгнө. Угаасаа ойлгомжтой, эрх баригч нар ирэх сонгуульд ялахын төлөө хийсэн төсөв. Төсвөөр дамжуулж хүмүүсийн саналыг худалдаж авах оролдлого хийж байна. Урт хугацаандаа сайн үр дүнд хүргэхгүй, бид өөрсдийн толгой дээр зовлон хуримтлуулсаар л байна.