Хачигт халдвар гэдэг нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. 1990 онд ДЭМБ-ын чуулганаар хачгаар дамждаг 28 өвчин байгааг өвчний олон улсын ангилалд багтааж байжээ. 

Дэлхий дээр хачигт халдвараар өвчлөгсдийн тоо жил бүр өсч, жилд 100000 гаруй хүн хачигт боррелиоз, үүнээс олон мянган хүн хачигт энцефалитаар тус тус өвчилдөг. Эдгээр нь европын 29 орон, Азийн 4 оронд бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь зарим улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болоод байна.

Монгол улсад 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт энцефалитын судалгааг хийж эхэлсэн. Өнгөрөгч онд улсын хэмжээнд хачигт боррелиозийн 61 тохиолдол, хачигт риккетсиогийн 59 тохиолдол, хачигт энцефалитийн 12 тохиолдол бүртгэгдсэнээс 2 хүн нас барсан байна.

Монгол орны 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг.

Хачигт энцефалит нь флавивирусаар үүсгэгддэг бөгөөд хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, ихэвчлэн төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.

Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хачигт энцефалитын вакциныг тариулах ажээ. Ялангуяа жилийн өдийд хачиг идэвхждэг тул ой тайгын бүс, аймаг сумдаар амарч зугаалахаар явж буй иргэд, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдахыг Интермед эмнэлгээс зөвлөлөө. Интермед эмнэлэгт уг халдвараас сэргийлэх дархлааг тогтоохын тулд 0,5 мл буюу нэг тунгаар 2 удаа сарын зайтай хийлгэх ёстой ажээ. Хачигт энцефалитаас сэргийлэхийн тулд 3-аас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой.

Хачигт энцефалитын вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7001-1111, 80081919 утас руу залгаж лавлана уу.

Халдвар дамжих зам:

  • Дам халдвар (хачгинд хазуулах)
  • Ховор тохиолдолд хоол хүнсээр (ямаа, үхрийн түүхий сүү хэрэглэснээс) халдана.

Өртөмхий хүн ам:

Бүх насны хүн мэдрэг. Ойн аж ахуй эрхэлдэг мод, самар, жимс, эмийн ургамал бэлтгэгчид, геологи, хайгуул, зам засварын ажилчид, зусланд амьдардаг хүмүүс, аялагчид халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт багтана.

Хачиг нь хүн амьтан хазаж цус сорох үедээ өвчин үүсгэгч вирусаа цусанд оруулж өвчлүүлдэг байна. Мөн эмэгчин хачиг өндөгтөө халдварыг дамжуулах бөгөөд халдварлагдсан хачигны авгалдайн 0,1-25% нь халдвар авсан байдаг. Халдвар авсан хачиг амьдралынхаа туршид вирусыг биедээ тээх ба эдгээр өвчин үүсгэгч нь хачгийн хөгжлийн аль ч үед үрждэг байна. Хачиг нь ойн зэрлэг болон вирусын халдвартай амьтны цусыг сорох үедээ халдвар авдаг бөгөөд хөгжлийн дараагийн үе шатандаа хүний болон эрүүл амьтны цусыг сорох үед халдварыг дамжуулдаг байна. Хачигны шүлсэнд агуулагдах өвдөлт намдаах бодисын нөлөөгөөр хазах, цус сорох нь эзэн амьтанд мэдэгддэггүй. Хачиг нь маш богино хугацаанд цус сороход вирус болон нянг халдварлуулах бөгөөд халдварт өртсөн хүмүүс хачиг хазсаныг тэр бүр мэддэггүй байна. Хачиг нь амьдралынхаа мөчлөгийн турш бие гүйцэх хүртлээ 3 удаа цус сордог. Хачгийн амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар юм.

Илрэх шинж тэмдэг:

Хачгаар дамжин вирусын халдвар авснаас хойш 7-14 хоногийн туршид ямар нэгэн шинж илрэхгүй бөгөөд үүнийг нууц үеийн хугацаа гэнэ. Сүүгээр дамжсан халдварын үед нууц үеийн хугацаа илүү богино байдгийг тэмдэглэсэн байдаг.

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Тууралт гарах
  • Ядрах
  • Үе мөч булчин өвдөх
  • Ирвэгнэх, бадайрах мэдрэмж төрж болно.

Урьдчилан сэргийлэлт:

  • Тод өнгөтэй хувцас өмсч, гар хөлөө ил гаргахгүй байх, аль болох битүү хувцас, түрийтэй гутал өмсөх
  • Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 2–3 цаг тутамд биеэ шалгаж байх
  • Хэрэв хачигт хазуулсан бол хачигны амыг /хошуу/ арьсанд үлдээхгүйгээр салгаж авах
  • Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх
  • Вакцинд хамрагдах