Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийн дотоод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа иргэдийн тэтгэврийг олгоно гэж мэдэгдээд байгаа билээ. Тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харьяаллаар хуваарилан олгох тухай тус газрын мэдэгдэлд дурдсан. Үүнтэй холбогдуулан Хаан банк мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэл:

Тэтгэврийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх тухай төр засгийн холбогдох байгууллагаас тодорхой мэдээлэл, шийдвэр гарах хүртэл эрхэм харилцагч та бүхэн салбар нэгжид хандалгүй хүлээцтэй байхыг зөвлөж байна.

Коронавирус (COVID 19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд гаргасан тус шийдвэрийг банкны зүгээс дэмжин хамтран ажиллаж буй бөгөөд тэтгэврийн мөнгийг хэзээнээс олгох тухай тодорхой шийдвэр гарсан даруйд та бүхэнд бид мэдээлэл хүргэх болно.

  Нийгмийн даатгалын сангаас мөнгө шилжин орсон даруйд харилцагч таны тэтгэврийн карт руу мөнгийг шууд шилжүүлэх тул та бүхэн өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, салбар нэгжид хандалгүй цахимаар гүйлгээ хийн, худалдаа үйлчилгээний газруудад ПОС машинд картаа уншуулан бэлэн мөнгөний шаардлагатай тохиолдолд АТМ-ээс мөнгөө авахыг зөвлөж байна.

  Шинэ коронавирусийн өвчлөл гарсантай холбоотойгоор дэлхий нийт бэлэн мөнгө хэрэглэхээс татгалзаж буй энэ үед та ч бас эрсдэлээс сэргийлж бэлэн бус төлбөр тооцоо, картын хэрэглээгээ идэвхжүүлж ПОС машин, мобайл банк, Khan Bank аппликэйшн ашиглана уу.

  Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас болон банкны албан ёсны цахим хаяг facebook (Khan Bank), twitter (Khan Bank), viber (94031917), wechat (Khanbank)-аар хандана уу.