Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгахад “Хаан банк” ХХК-ийг зах зээл дэх өөрийн давамгай байдлаа буруугаар ашигласан нь тогтоогдсон билээ. Ингэснээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль оногдуулсан юм.


“Хаан банк” ХХК-ийн “ШӨХТГ-ын улсын ахлах байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл 493 сая төгрөгийн торгуулийг Захиргааны хэргийн 3 шатны шүүх хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Хэргийг сөхвөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Хаан банк” ХХК-д хяналт шалгалт хийсэн байдаг.

Учир нь “Хаан банк” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах шийдвэрийг гаргаж өөрийн давамгай байдлаа ашигласан байна.

Ингээд зогсохгүй “Хаан банк” ХХК-ийн зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэй гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхааруулсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Иймээс ШӨХТГ-аас цаашид давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа буруугаар ашиглаж зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихгүй байхыг анхаарууллаа.