ВАШИНГТОН. /IndieWire/. “Хаадын тоглоом” цувралыг шимтэн үзэгчдийг хагаралдуулаад буй ангиудыг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт 20 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. 

Тус бичигт цувралын найруулагчид болох Давид Бениофф, Д.Б. Вейсс нарыг цувралын сүүлийн зургаан ангийг дахин хийхийг уриалсан байна.


Наймдугаар бүлгийн “The Bells” хэмээх нэртэй тавдугаар /сүүлээсээ хоёр дахь/ ангид гарсан хамгийн чухал эргэлтүүдийн нэг нь Дейенерис Таргариен бүрэн утгаараа “Галзуу хатан” болон хувирч, Долоон хаант улсын нийслэлийг үнсэн товорго болгосон явдал байсан билээ. 

Уг анги тавдугаар сарын 12-нд гарсны дараа нийгмийн сүлжээнүүд Дейенеристэй холбоотой сэтгэгдлүүдээр дүүрч, түүнийг баатрын дүрээс хорон санаатан болгон хувиргалаа хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. 

“Зохиолч Жорж Р.Р. Мартины 30 жилийн хөдөлмөрийг Д.Бениофф, Д.Б. Вейсс нар 90 минутад сүйрүүллээ” гэж “Annapurna Pictures компанийн үүсгэн байгуулагч Меган Эллисон твиттер хуудсаараа жиргэжээ. Мөн тэрбээр, Дейенерис олон мянган гэм зэмгүй иргэний амийг аварсны дараа нийслэл хотыг сүйтгэх сэдэл түүнд төрөх боломжгүй гэж бичсэн байна. 

“Хаадын тоглоом” цувралын эцсийн буюу наймдугаар бүлгийн сүүлийн анги ирэх долоо хоногийн даваа гарагийн өглөө “HBO” сувгаар гарна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг