ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын “HBO” сувгийн уран бүтээл “Хаадын тоглоом” цувралын гол дүрийн жүжигчин Эмилия Кларк киноны үеэр гарсан кофены аяга хэнийх болохыг хэлжээ. Уг цувралын наймдугаар бүлгийн дөрөвдүгээр анги дээр “Луугийн эх” Дейенерис Таргариений өмнө кофены аяга байсныг хурц хараатай үзэгчид ажиглаж, шуугиан дэгдэж байсан юм.

Э.Кларк пүрэв гарагт хөтлөгч Жимми Фаллоны ярилцлагын шоунд оролцох үеэрээ хэлэхдээ, кофены аяга жүжигчин Конлет Хилл буюу Варисынх байсан гэжээ. “Бид “Emmy Awards” наадмын өмнө үдэшлэг зохиосон. Тухайн үед кофены аяга минийх байсан хэмээн К.Хилл надад хэлсэн” гэж “Хаадын тоглоом” цувралд Дейенерисийн дүрийг бүтээсэн Э.Кларк ярьсан байна. 

Уг аяга нь “Starbucks” компанийн бүтээгдэхүүнийх байсан бөгөөд “Хаадын тоглоом” цувралын зураг авалтыг голчлон хийсэн Умард Ирландын Банбридж хотын кофешопоос худалдаж авсан байжээ. Дээрх үйл явдлын дараа “HBO” эцсийн бүлгийн дөрөвдүгээр ангиас кофены аягыг арилгаж, шоуны продюсерууд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг