Та бидний мөнхийн санаа зовдог зүйлсийн нэг бол хүүхдийн хүмүүжил юм. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүүхэд, ном унших дадалтай чадварлаг нэгэн болгохыг хүсдэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Ганц удаагийн лекц, өдөр тутмын үглэж загнаснаар хүүхдээ сайн хүн болгож чадахгүй. Тэгээд ч тэрээр таны хүүхэд болохоос та биш шүү дээ. Амьдралыг нь дураараа шийдэж, өөр шигээ зүйлийг шаардаж болохгүй. Гол нь та тэднийг чиглүүлж өгөх хэрэгтэй. 

Амьдрал хэмээх зах хязгааргүй далайд хүүхдээ чиглүүлж удирдах цөөхөн аргыг энд дурдъя

Ном авч өгөх:

Та хүүхдээ ном уншдаг мэдлэгтэй хүн болгохыг хүсдэг л биз дээ. Гэхдээ техник технологи хөгжсөн одоо үед хүүхдийг ном бариад суулгах хэцүү. Үглэж загнаснаар асуудлыг бүр ч дордуулж, номыг үзэн ядах сэтгэлгээтэй болгодог. Тиймээс та хүүхдэдээ сар бүр ном авч өгөөд шаардаж шавдуулалгүй зүгээр л нүдэнд ил харагдах газар тавьж байгаарай. Хүүхэд аяндаа өөрөө номоо авч унших дадалтай болно. Мөн эцэг эх өөрсдөө ном уншдаггүй атлаа хүүхдээ ном унш гэж шаардаж болохгүй. Эхлээд өөрсдөдөө дараа нь хүүхдэдээ дадал болго. Хүүхэд эцэг эхийн толь гэдгийг санаж байгаа биз дээ

Сургалт, лекцэнд суулга

Цагаа үр ашигтай зарцуулж сурах, зорилго мөрөөдлөө тодорхойлох зэрэг хувь хүний хөгжлийн сургалт (Хүн болох багаасаа сургалт манай дээр явагддаг) эсвэл ур чадвар сайжруулах(төгөлдөр хуур, шатар, бүжгийн) дугуйланд явуул. Хүн байгаа хүрээндээ л сэтгэдэг. Тиймээс хүрээллийг нь нэмэгдүүлж нийгэмд идэхтэй амьдрахад нь туслах эцэг эх болсон бидний үүрэг юм. Үе тэнгийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөж, ангийнхнаасаа онцгойрох ямар нэг чадвартай байх төдийд хүүхдийн хандлага хандлага маш их өөрчлөгддөг. Туршаад үзээрэй

Цаг төлөвлөж сургах:

21-р зууны хурдтай нийгэмд цаг бол алтнаас үнэтэй эрдэнэ. Хүүхдийг бага насандаа цаг төлөвлөх аргачлалд суралцвал зорилготой, бүтээмжтэй болж төлөвшдөг. Тиймээс цагийн үнэ цэнийн талаар ярилцаж(болж өгвөл мэргэжлийн хүнээр яриулаарай. Хүүхэд эцэг эхийнхээ үгийг тоохгүй өнгөрөх хандлагатай байдаг) сэдэлжүүлхийн тулд дэвтэр авч өгөөрэй. Охид хөвгүүдийн ХАЖ гээд цаг төлөвлөлтийн дэвтэр эсвэл энгийн гоё зурагтай дэвтэр байсан ч болно (цагаа төлөвлөж эхлэж байгаа хүүхдүүдэд заавар зааварчилгаатай ХАЖ дэвтэр нь илүү зохино). Мэдээж та өөрөө ч цагаа төлөвлөдөг, хийх ажлаа жагсаадаг байх шаардлагатай(сонирхвол томчуудын ХАЖ дэвтэр ч бас гадуур худалдааллагддаг).

Интернэтийн орчноос тасар, хүүхдүүдтэйгээ цагийн өнгөрүүл:

Интернэт орчинд хэт автах нь хүүхдийг муухай ааштай, тогтворгүй, тууштай бус болгодгийг эрдэмтэд нотолсон байна. Орчин үед гэр бүлийн гишүүн бүр утас, компьютер таблет бариад интернэт орчинд орж амьд харилцаа бага багаар алга болсоор байна. Инээд хөөр, ярих хөөрөөгүй технологжсон гэр бүлүүд. Таны гэр бүл энэ байдлын нэг жишээ бол та яг одоо эцэг хүний хувьд, эх хүний хувьд энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Гэхдээ загнаж зодохоос илүүтэй гар утас барьж авах завсар чөлөө олгохгүй байхад л болно. Гэртээ эрт ирж телевизорын удирдлага эсвэл утсаа барилгүй гэр бүлээрээ ярилцаж хоорондоо инээлдэж өдөр тутам давтахад хүүхэд өөрөө утаснаас уйдах болно.
Мэдээж эцэг эхчүүд та бүхэн маань энд дурдсан ихэнх зүйлсийг мэддэг байх. Гэхдээ нэг л хэрэгжүүлж амжихгүй яваа биз дээ. Ажил, ажил гэсээр үр хүүхдэдээ багахан цаг гаргах гэхээрээ туйлдаа хүртэл ядарчхаад “дараа болъё” гэж хэлдэг биз. Гэхдээ та юуны төлөө ажиллаад байгаагаа дахин нэг тунгаагаад үзээрэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. “Дараа, дараа” гэсээр байтал үр хүүхэд чинь том болж танаас зайгаа барих болно. Тэднийхээ төлөө насаараа ажиллаад дараа нь та утга учир хайх болно. Эцэс сүүлд нь харамсаж хоцрохгүйн тулд хүүхэдтэйгээ ярилцахад аравхан минут, гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх амралтын нэгхэн өдрийг гаргаж байгаарай. Нэмж хэлэхэд эцэг эх та бүхэн хүүхдэдээ үлгэр дуурайл болдог гэдгийг мартаж болохгүй.