Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "УИХ-ын эмэгтэй гишүүд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл бэлдээд, өнөөдөр хэлэлцүүлж байна. ХЗДЯ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, ирэх 10 дугаар сард өргөн барина. Энэ нь зөрчил болохгүй. Хуулийн хоёр төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцсэний дараа дэгээрээ хоёр талаас зөвшилцөлд хүрвэл нэгтгэнэ.

Яам ямар шалтгааны улмаас энэ хуулийн төслийг шинэчилж өргөн барих гэж байна вэ гэхээр "Алсын хараа-2050- хөгжлийн хөтөлбөрийн 2.2-т эрүүл хэвшил, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг хүн амын амьдралын зөв дадлыг дэмжих, архи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх болон хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэрэглээг хязгаарлах замаар хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүнд үндэслэж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. 

Мөн Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн маш өндөр хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлж байна. Тухайлбал, 2003 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 19334 гэмт хэргийн 3842 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Тэгвэл өнгөрсөн онд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4371 нь согтуугаар үйлдэгджээ. Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй архины үйлдвэрлэл, хэрэглээ огт буурахгүй байна" хэмээлээ.


ХЗДХЯамнаас шинэчлэн найруулсан хуулийн төсөлд: 

- Согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар олгодог системд шилжье. 

- Нутгийн өөрөө удирдах байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хуваарийг хуульд нийцүүлэн хориглолт, хязгаарлалтыг нэмж тогтоох эрхийг тухайн орон нутагт нь олгоё.

- Баар, цэнгээний газруудад согтууруулах ундаагаар хариуцлагатай үйлчлэх хөтөлбөрийг нэгдсэн байдлаар бий болгоё.

- Согтууруулах ундааны савалгаа, хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилье.

- Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн орлогоос татвар татан төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх санг байгуулна. Тус сангаар дамжуулан архины донтой хүмүүсийг албадан эмчлэх, сайн дурын эмчилгээний хугацааг уртасгах, шинээр эмнэлэг, эмчилгээний хөтөлбөрүүдийг гаргаж ирэх зэрэг тодорхой зохицуулалтуудыг тусгасан" гэдгийг сайд Х.Нямбаатар онцоллоо.