Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

Тэрээр "Одоо мөрдөж буй хуулиар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон бусад шүүхийн шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж байгаа. Шинэчилсэн хуулийн төслөөр анхан болон давах шатны ерөнхий шүүгчдийг шүүгчид дотроосоо томилохоор тусгасан. Үүнд тухайн шатны шүүхдээ 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавьсан. Харин Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдох хүн 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тусгасан" гэв.


Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зүйлсийг тусгажээ.

- Улсын дээд шүүх дэргэдээ судалгаа, сургалтын хүрээлэнтэй байна. 

- Чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны бүтцийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батална. 

- Шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, аль нэг шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилно. 

- Шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн шүүх хооронд шилжүүлнэ. 

- Шүүгчийг өөрчлөн зохион байгуулах, өөр шүүхэд шилжүүлэн томилохоос Ерөнхийлөгч татгалзаж болохгүй. 

- Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. 

- Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсвэл өндөр настны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. 

- Шүүгчид чөлөө олгох: Шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх бол Шүүхийн ерөнхий зөвлөл чөлөө олгоно. Дээрхээс богино хугацаанд чөлөө олгох эсэхийг ерөнхий шүүгч шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэдгийг сайд Х.Нямбаатар онцоллоо.

Мөн тэрээр "Тус хуулийн төсөлд шүүгчийн зэрэг дэвийг сэргээж, цалин хөлс, ээлжийн амралт зэрэг нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг нарийвчлан заасан. Шүүгч нарын цалин бусад төрийн тусгай албан хаагч нарынхаас өндөр гэдэг ч одоогийн түвшинд өндөр биш болсон. Иймд бусад нэмэгдлүүдийг олгох ёстой гэсэн байдлаар хуулийн төсөлд тусгасан" хэмээлээ.