УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Дээрх хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэв. 

Хуулийн төслүүдийн гол нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар "Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах өдөр хүртэл тоолно. Мөрдөн шалгах хугацааг ерөнхий гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин үржүүлсэн байдлаар тодорхойлж байна. 

Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбоотой өнөөдөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаа болон дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг дахин шинээр тоолох журмыг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын хуулиар оруулж батлуулахаар Байнгын хороо дээр хуулийн төсөл бэлдээд явж байна. 

Энэ өөрчлөлтүүд дараах зорилготой. 

Нэгдүгээрт, хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжих явцад гарсан амьдралд нийцэхгүй байгаа зарим зохицуулалтыг боловсронгуй болгосон. Тухайлбал, процессыг шуурхай явуулах, Прокурорын байгууллага руу шилжүүлсэн зарим хэргийг мөрдөх байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад шилжүүлэх агуулгатай.

Хоёрдугаарт, тодорхой төрлийн зөрчлүүд шинээр хууль батлагдаж гарсантай холбоотойгоор тухайн хуулиудад хориглосон заалтуудыг Зөрчлийн хуулинд буулгах хууль зүйн техникийн ажлууд хийгдэж байна.

Гуравдугаарт, Шийдвэр гүйцэтгэлийн хуулиудад шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой төлбөр авагчийн төлбөрийг шуурхай барагдуулахтай холбоотой олон заалт орж ирж байгаа. Тухайлбал, тэтгэмж төлөхөөс ноцтойгоор зайлсхийсэн этгээдийг баривчлах шийтгэлтэй болгож, тэжээн тэтгэлэгтэй холбоотой харилцааг боловсронгуй болгох зэрэг олон зохицуулалт орж байна" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.