Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулах “Балдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Балдорж” шагналтныг тодруулахгүйгээр цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлах төслийг шалгаруулж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар шалгарсан төслийг сэтгүүлчид ба редакцуудын оролцоотойгоор нэг жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Уралдаанд 15 төслийн санал ирүүлснээс “Ergelt.mn” мэдээллийн сайтын сэтгүүлчдийн “Ковид-19 ба Монголчуудын амьдрал” төсөл шалгарчээ. Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шалгарсан төслийг зарлав.


Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийн төлөө тууштай тэмцэх уриатайгаар байгуулагдсан “Балдорж” сангийн үйл ажиллагаа өнөөдөр өргөжин тэлж, сэтгүүлч бүрийн ур ухаанаа уралдуулдаг, нийгэмд нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадсанд баяр хүргэе.

Цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлыг уудлах, баримтжуулах, гарц шийдэл хайсан сэтгүүлчийн бүтээлийг санхүүжүүлэх “Балдорж” сангийн эрхэм зорилго бол цагаа олсон зөв шийдэл мөн.

Улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч, УИХ-ын хоёр ч удаагийн сонгуулиар нэг нам хэт олонх болсон энэ үед сэтгүүлчдийн үүрэг хариуцлага улам бүр өндөрсөх ёстой.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэн эх орныхоо хөгжлийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна. Иймээс ч та бүхний үзэгний үзүүр нь зөвхөн үнэнийг бичдэг, үйл хэрэг нь сайн сайхны төлөө байдаг гэдэгт ч бас итгэж байна.

Сэтгүүлч таны эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хийсэн үйл хэрэг, бүтээл бүхэн түүхийн урт хугацаанд дарагдахгүй, харин ч улам бүр тодрох болно.

 Монголын сэтгүүлзүй харанхуй нийгмийг гэрэлтүүлэх гэрэл нь байж,  ард түмнийхээ итгэх найдвар нь байх болтугай.

 Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.