Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ оны мэндчилгээнээс онцлох 7 эшлэлийг хүргэж байна.

1. Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсан.

2. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

3. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

4. “Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

5. Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

6. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

7. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна.


Ерөнхийлөгчийн мэндчилгээг дүрс бичлэгээр хүргэж байна.