Зайсан дахь KFC сүлжээний хоолноос хордсон хүмүүс ХӨСҮТ-д хандсан бөгөөд одоогоор 37 хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад

"Хүнсний бүтээгдэхүүний нянгийн шинжилгээ хараахан гараагүй. Манай зүгээс эхний байдлаар хоолны хордлогоор хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн шинжилгээг хийсэн. Шинжилгээгээр цусан суулгыг үүсгэгч шигелл хэмээх нян илэрлээ. Энэ хүмүүс бүгд Зайсан дахь KFC-ийн салбараар үйлчлүүлсэн юм билээ. Бид чухам юунаас энэхүү нян илэрсэн эсэхийг нарийвчилж үзнэ. Гэхдээ гадуур яриад байгаа шиг хүнд байдалтай хордож ирээгүй, тусламж үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн бие сайжирсан. Насны хувьд 3-14 насны 10 хүүхэд эмчлүүлж байна. Мөн 50 гаруй насны хүмүүс ч хандсан" гэлээ.

Цусан суулга нь Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч Shigella-ийн дөрвөн өөр зүйл байдаг.


Халдварын үүсгэгч нь:
сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна.

Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.