Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар уулзалтын эхэнд талууд санал солилцов.  

Энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсад Кембрижийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсоныг дурдаж, хэрэгжилтийг үе шаттай хийхээр төлөвлөж буйг ярилцлаа. Орон нутагт олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 5 аймаг сонгогдоод байгаа юм.

Элчин сайд, бэлтгэл ажлыг Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсонд талархан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Их Британийн Боловсролын сайдын захидлыг ноён Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гардууллаа. 

Тус захидалд ИБУИНХУ хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар болон онлайнаар явуулах боломжтой, оюутан хүлээж авахад нээлттэй байгааг дурджээ.


Эх сурвалж: БШУЯ