Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар авч, улмаар өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашигласан гэх хэрэгт холбогдоод буй “Кэмбриж Аналитика” компани үйл ажиллагаагаа удахгүй зогсоохоо мэдэгджээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
 
Их Британид төвтэй, улс төрийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Фэйсбүүк”-ийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг тааврын аппликейшнаар дамжуулан авч, улмаар уг мэдээллүүд ийг цааш тараасан нь 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн гуравдугаар сард дэгдсэн билээ.
 
“Кэмбриж Аналитика” компани үйл ажиллагаагаа зогсоохоо өчигдөр мэдэгдсэний дараа “Фэйсбүүк” мэдэгдэл хийхдээ “Тус компани үйл ажиллагаагаа зогсоох нь бидний шалгалтад нөлөөлөхгүй. Манай компанийн хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар олж авч, ашигласан тус компанийг бид холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн шалгах болно” гэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг