Сан Антонио Спөрс багийн довтлогч Кавай Леонард ирэх Пүрэв гарагт Нью Орлеанс Пэликанс багийн эсрэг хийх тоглолтод оролцож магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээ.

Түүний хувьд гуя, мөрөндөө авсан бэртлийн улмаас энэ улиралд ердөө есөн тоглолтод оролцсон билээ. Эмч нар Леонардад зөвшөөрөл олгосон ч өөрөө талбай дээр гарах гэж яарахгүй байгаа талаар мэдээлэл ч цацагдсан. Юутай ч энэ улиралд бэртлээс эргэн ирэх нь тодорхой болж байна.

Кавай 1 - р сарын 13 - нд Дэнвер Наггетс багийн эсрэг хийсэн тоглолтоос хойш дахин талбай дээр гараагүй байгаа юм. Харин 2 - р сарын сүүлээр гурвын эсрэг гурав бэлтгэлд оролцож эхэлсэн байна. Спөрс баг түүний эзгүйд 37 хожил, 29 хожигдолтойгоор өрнөд бүсийн 7 дугаар байранд бичигдэж байна. Тэд сүүлийн 11 тоглолтын 8 - д нь хожигдсон нь хөгжөөн дэмжигчдийнх нь хувьд тун муу мэдээ болж байна.