Кубын парламент Төрийн зөвлөлийн ерөнхийлөгчөөрөө Мигель Диас-Канелыг сонголоо гэж тус улсын Сонгуулийн ерөнхий комисс /СЕК/ өнөөдөр мэдэгдсэнийг “Пренса Латина” агентлаг уламжлав.
 
СЕК-ын тэргүүн Алина Бальсейрогийн мэдэгдсэнээр, тэргүүн дэд ерөнхийлөгч асан М.Диас-Канел нь өчигдөр болсон парламентын нууц санал хураалтаар гишүүдийн 99.83 хувийн саналыг авснаар ерөнхийлөгч боллоо.
 
1960 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн М.Диас-Канел нь цахилгааны инженер мэргэжилтэй бөгөөд менежментийн мастер зэрэгтэй аж. 2003 онд Кубын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн болсон тэрбээр 2009 онд тус улсын Дээд боловсролын сайд, 2013 оны хоёрдугаар сард Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогджээ.

М.Диас-Канел нь 2006 онд ах Фидель Кастрогоо таалал төгссөний дараа Кубын ерөнхийлөгч болсон Рауль Кастрогийн халааг авч байгаа юм. Ингэснээр АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг  түлхэн унагааж, социалист улс байгуулах замыг зассан 1959 оны хувьсгалаас хойш Кубыг удирдсан ах дүү Кастрогийн эрин үе дуусгавар болж байна. Гэхдээ М.Диас-Канел нь Рауль Кастрогийн “баруун гар” гэгддэг учир Кубын төрийн бодлогод төдийлөн өөрчлөлт орохгүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Харин өдгөө 86 настай Рауль Кастрогийн хувьд Кубын эрх баригч Коммунист намын даргын хувиар улс төрийн замналаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.
 
Кубын шинэ удирдагч М.Диас-Канел холбоотон болох Венесуэлийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор үүссэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, АНУ-ын Ерөнхийөгч Дональд Трампын засаг захиргаатай хэрхэн харилцах зэрэг нь ажиглагчдын анхаарлын төвд байна. Барак Обамагийн засаг захиргааны үед цуцалсан Кубын эсрэг аялал болон худалдааны хоригийг Д.Трамп өнгөрсөн онд хэсэгчлэн сэргээсэн билээ.

Гэхдээ гадаад харилцаа гэхээсээ илүүтэйгээр ард түмний аж амьдралыг сайжруулахын төлөө ямар арга хэмжээ авахаар нь кубачууд шинэ удирдагчаа үнэлнэ гэж ажиглагчид хэллээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг