Франц-Японы “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гон Токио хотын тойргийн шоронгоос 1 тэрбум иений /9 сая орчим ам.доллар/ барьцаагаар суллагджээ. Энэ тухай Токио хотын Тойргийн шүүх мэдээлсэн байна.

Санхүүгийн залилан хийсэн хэрэгт буруутгагдсан Карлос Гон одоо шүүх хурал болох хүртэл Токио хот дахь гэртээ байх ёстой. Гоны гэрийн үүдэнд хяналтын камер суурилуулжээ. Түүнд мөн ухаалаг утас ашиглах, “Nissan” компанитай холбоотой хүмүүстэй харилцахыг хориглож, зөвхөн өмгөөлөгчийнхөө ажлын өрөөний компьютерыг ашиглахыг зөвшөөрчээ.

Харин шүүхийн тусгай зөвшөөрлийн дагуу тэрбээр “Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн хуралд оролцож болох аж. Гон тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байгаа юм. Түүнийг энэ зөвлөлөөс дөрөвдүгээр сарын эхээр хасах төлөвтэй байна.

Гон болон "Nissan" компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Грег Келлиг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд баривчлан саатуулсан билээ. Түүнийг Япон улсын санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутгасан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Koyodo