Төв банкны үүдэнд Хохирогчдын нэгдсэн холбоо болон Капитал банкинд 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд нэгдэн Монголбанк, АТГ-т шаардлага хүргүүллээ. 

Хохирогчдын төлөөлөл Капитал банк татан буугдсан нь Монголбанкны хяналт сулынх гэж байв.

Тухайлбал иргэн Дашзэвэг "Бидэнд татан буугдах гэж байгаа талаар огт мэдээлэл өгөөгүй. Хэрэв мэдсэн бол бүх мөнгөө татах л байсан" гэсэн юм. Тэдний дотор 100-аас дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд ч ирсэн байлаа. 

Иргэн Намсрай "Би сүүлийн 17 жил Капитал банкаар үйлчлүүлсэн. Сүүлийн үед салбарууд нь татан буугдаад мөнгөө авах гэхээр гаргаж өгөхгүй асуудал гаргаж эхэлсэн. Мөнгаа авъя гэж 2018 оны 12 сараас нэхэмжлээд авч чадаагүй. Захиралтай нь уулзах гэж 7 удаа ирээд 8 дахь дээрээ уулзсан. Тэгэхэд манай банкны эзэн Б.Ундармаа УИХ-ын гишүүн болсон, айлтгүй, удахгүй том хөрөнгө оруулалт орж ирнэ. Харин ч та дахиад данс нээж болно. Итгээрэй" гэж хэлсэн гэв. 

Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэгт тус банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 60-аад хүн хандаад байгаа гэв. Тэрбээр,

"Би өөрөө Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын нэг. Тухайн үед хохирогчдын мэдээлэл бүхий файл хүртэл алга болж байсан. Үл хөдлөх хөрөнгийг маш багаар үнэлэх гэх мэт алдаанаас болж одоо болтол хохирогчид мөнгөө авч чадаагүй. Капитал банк дээр ч бас анхнаасаа Монголбанк хяналтыг хангалттай тавиагүй. Нийт зээлийн 80 хувь нь чанаргүй байхад анхаараагүй. Өнөөдрийн дотор тус банкны албан ёсны эзэмшигч, УИХ-ын гишүүн Б.Ундармаа уулзаж хохирогчдын хохирлыг яаралтай барагдуулах албан бичиг өгнө" гэсэн юм. 

Бичлэг үзэх:

Тэрбээр хохирогчдын хамт Монголбанк, АТГ-т энэхүү шаардлагыг хүргүүллээ.

✔Татан буулгах арга хэмжээ хийгдэж буй тус банкны нийт хадгаламж эзэмшигчийн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх;

✔Чанаргүй зээлдэгчдийн нэрс болон зээлийг төлж барагдуулах хугацаа, барьцаа хөрөнгүүдийн жагсаалтыг гаргаж өгөх;

✔Алтжин худалдааны төвийн захирал Алтан болон түүний хүү Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банкинд маш их хэмжээтэй мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Тэд мөнгөө банк татан буугдах гэж байгаа сургаар жижиглэн, 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн хадгаламж болон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн гэх мэдээлэл дээр тодруулга өгөх

✔Капитал банк 2015 оноос хойш алдагдалтай ажилласан байхад Монголбанк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн эсэхийг тайлагнах.

✔Банкны тухай хуулийн 71 дүгээрт зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах тухай яаралтай зарлаж, даатгагдаагүй хадгаламж зээмшигчдийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэдийг хохиролгүй болгох ажиллагааг түргэвчлэх

✔Капитал банкны барьцаа хөрөнгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардлаа.