Татан буугдаад байгаа Капитал банк тойрсон асуудал шуугиан дэгдээсээр байна. 

Тус банк 256 мянган данстай, 221 мянган харилцагчтай аж. Харилцагч бүрийн нөхөн төлбөр авах тооцооллыг хийхийн тулд банкны эрх хүлээн авагчаас хамгийн сүүлийн үеийн дансны мэдээллийг авах ажээ.

Одоо банкны эрх хүлээн авагч Капитал банкинд ажиллаж байгаа талаар Монголбанк мэдээлэв. Үүний дараа Хадгаламжийн даатгалын корпораци руу шилжин уг мэдээлэлд үндэслэн боловсруулалт хийгдэж, жагсаалт гаргах юм байна.

Иргэн, хуулийн этгээдээр нь нэг бүрчлэн хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авахаар байгааг нь жагсааж, ХААН банк руу мэдээллээ өгнө. Эдгээрийн дараа жагсаалтад үндэслэн 20 хүртэлх сая төгрөгийн харилцах, хадгаламжийг буцаан олгох ажил хийгдэх журамтай. 

Хадгаламжийн даатгалын корпораци 2013 онд байгуулагдсанаас хойш Капитал банк улирал тутам даатгалын хураамжаа төлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд санд бүрдүүлсэн даатгалын хураамж нь нийт 5.7 тэрбум төгрөг болжээ.