ОТТАВА. /TASS/. Канадад энэ сарын 21-нд болсон сонгуулийн үеэр тус улсын парламентын доод танхимд дахин сонгогдож чадаагүй Нийтийн танхимын гишүүдэд улсын төсвөөс нөхөн төлбөрийн хувиар тус бүр 15 мянган канад доллар /11.5 мянган ам.доллар/ олгохоор болжээ.

Телевизийн “CBC” сувгаар ням гарагт мэдээлснээр, дээрх мөнгийг “парламент дахь үйл ажиллагаагаа дуусгасны дараа энгийн иргэний амьдралд эргэн ороход нь тус дэм болохын тулд” парламентын гишүүн асан 48 хүнд өгнө. Бүх нийтийн сонгуульд ялагдсан эдгээр хүний 29 нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлдэг Либерал намын гишүүд аж.

Канадын парламентын сонгуульд Либерал нам ялсан байна. Тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, либералчууд 33.1 хувийн санал авч, 338 тойргийн 147-д нь ялжээ. Харин Консерватив нам 34.4 хувийн саналтайгаар, 121 тойрог ялсан бол гуравдугаарт, 7.7 хувийн санал авч, 32 тойрогт ялсан “Квебекийн эвсэл” орсон байна. Тус намын дараагаар 24 тойрогт ялж, 15.9 хувийн санал авсан Шинэ ардчилсан нам болон гурван тойрогт 6.5 хувийн саналтайгаар ялсан “Ногоон” нам орсон бөгөөд бие даан нэр дэвшигч нэг мандат авжээ.

Олонхын Засгийн газар эмхлэн байгуулахын тулд Либерал нам 170 мандат авах ёстой байжээ. Жастин Трюдо сөрөг хүчний аль нэг намтай парламентад эвсэл байгуулахгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн байна. Тэрбээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг 11 дүгээр сарын 20-нд танилцуулна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг